"970 түрээсийн орон сууцийг Буянт-Ухаа цогтолборт хэрэгжүүлэхэд 35 мянга гаруй иргэн бүртгүүлсэн"

Админ
2020/10/19

УИХ-дахь МАН-ын бүлэг өнөөдөр /2020.10.19/ хуралдаж хоёр асуудлыг хэлэлцлээ. Тус хуралдааанаас гарсан шийдвэрийн талаар УИХ-дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, Барилга хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар, УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга Ж.Сүхбаатар нар мэдээлэл өглөө.

Зорилтот бүлэгт чиглэсэн 150 мянган айлын орон сууцны төслийг хэлэлцлээ


УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Бүлгийн хурлаар 2020 оны УИХ-ын сонгуульд МАН-аас дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрт орсон, Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт тусгагдсан “150 мянган айлын орон сууц” хөтөлбөрийн хүрээнд, зорилтот бүлэгт чиглэсэн орон сууцны хөтөлбөрийн талаар хэлэлцлээ. МАН-ын бүлэг нь УИХ-аар хэлэлцэх хуулийн төслөөс гадна Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгасан томоохон ажлуудыг сонсож, санал чиглэл өгөх нь зүйтэй гэж үзэж байна. Тиймээс зорилтот бүлэгт чиглэсэн орон сууцны хөтөлбөрийн талаар салбарын яамнаас мэдээлэл сонсч, тодорхой чиглэл өглөө. Хоёрдугаарт, ойрын үед УИХ-аар хэлэлцэх хуулиудын талаар хэлэлцсэн. Ялангуяа УИХ-аар хэлэлцэх Банкны тухай хуулиудын өөрчлөлт, Засаг захиргаа, хот тосгоны нэгж, түүний удирдлагын тухай хууль, УИХ-ын Дэгийн тухай хууль гэх мэт томоохон хуулиудыг хэрхэн хурдан шийдвэрлэх талаар ярилцаж, тодорхой шийдвэрт хүрлээ ” гэв.


38 зээлдэгч 2.5 тэрбум төгрөгийн зургаан хувийн зээл авсан байна

Барилга хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар зорилтот бүлэгт зориулсан орон сууцны талаар мэдээлэв. Тэрбээр “Өнөөдөр МАН-ын бүлэгт зорилтот бүлгийн иргэд, ялангуяа аймгийн төвд байгаа иргэдээ хэрхэн орон сууцжуулж болох хөтөлбөрийн төслөө танилцуулж, санал чиглэл авлаа. 150 мянган айлын орон сууцны хөтөлбөр зургаан янзаар хэрэгжинэ. Өөрийн эзэмшиж байгаа газар дээрээ аж ахуй нэгжүүд төлөвлөлтөө батлуулаад орон сууцаа бариулна. Мөн гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд орон сууцжуулах ажил хийгдэнэ. Ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцуудыг дахин төлөвлөж барилгажуулна. Гэр хороололд бие даасан инженерийн дэд бүтцийг хийх байдлаар шийднэ. Нэг чиглэлдээ түрээсийн орон сууц хөтөлбөр хэрэгжинэ. 

Өнгөрсөн долоо хоногт арилжааны банкууд Монголбанктай хамтарч ипотекийн зээлийг найман хувиас зургаан хувь болгосон. Өнөөдөр өглөөний мэдээллээр 38 зээлдэгч 2.5 тэрбум төгрөгийн зургаан хувийн зээл авсан байна. Өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, тэжээгчээ алдсан гэх мэт ипотекийн зээлд хамрагдаж чадахгүй олон иргэн байна. Төрөөс түрээсийн орон сууны асуудалд зайлшгүй анхаарах ёстой. Төр өөрийн газар дээрээ инженерийн шугам сүлжээ, дэд бүтэцтэй байж энэ төслийг хэрэгжүүлэх шаардлага байна. Өнгөрсөн жил 970 түрээсийн орон сууцийг Буянт-Ухаа цогтолборт хэрэгжүүлэхэд 35 мянга гаруй иргэн бүртгүүлсэн. Мөн орон нутгийг орон сууцжуулах асуудалд анхаарах хэрэгтэй. Аймгийн төвүүдийн 60-аад хувь инженерийн шугам сүлжээнд холбогдосон байна” гэв.

Үүний дараа МАН-ын бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн зарим асуудлын талаар сэтгүүлчийн асуултад хариулав.


МАН-ын бүлгийн дэд дарга Ж.Сүхбаатар: Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн тухай хуулийн зарим нэг зүйлийг тодотгож ярилцах хэрэгтэй

Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийг хэлэлцэх асуудалд МАН-ын бүлэг нэгдсэн байр сууринд хүрсэн эсэх талаарх сэтгүүлчийн асуултад УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга Ж.Сүхбаатар хариулав. Тэрбээр “Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг чуулганд оруулахад бэлэн болсон. Гэвч зарим нэг зүйлийг тодруулах, эргэж хэлэлцэх шаардлагатайг энэ удаагийн орон нутгийн сонгуулийн үйл явц харууллаа. Тухайлбал, Нийслэлийн ИТХ-д сонгогдсон зарим төлөөлөгчид санхүү, төсвийн асуудлаа шийдэх зарим нэг боломжийг олгох, Улсын төсвийн хавсарга болгохоос илүү нийслэлийн хэмжээнд уг асуудлыг шийдвэрлэх боломжийг хайх гэх мэт асуудлууд бий” гэв.


Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 122.201.31.198
    2020/10/19

    Зазаза бид мен азтай эзтэй улс юм б.на газраа шууд байр болгодог.АН ын уед.бур Батуулын уед шуу МАН хотын даргийн уед еренд ороод цэцэг авч б.сан нехед.одоо юу болж б.гаа бол доо

    Хариулах