Дэлхийд нэр нь цууриатсан монгол хүмүүс: СЭЛЭНГИЙН УУГУУЛ -СУУТ ХҮМҮҮН СЕРДЮКОВ

Админ
2020/10/21

Дэлхийд нэр нь цууриатсан монгол хүмүүс: СЭЛЭНГИЙН УУГУУЛ -СУУТ ХҮМҮҮН СЕРДЮКОВ

1678 онд өнөөгийн Сэлэнгэ аймгийн нутагт, яг л Сэлэнгэ мөрний хөвөөнд төрж, 1754 онд ажил үйлс бүхнээ зориулсан Санкт-Петербургээс таван зуугаад километрийн алст байх Вышний Волочект өөд болсон Сэлэнгийн Борной ч гэх, Эмгэний Борной ч гэх монгол хүмүүн яагаад, юуны учир гурван зуун өнгөрсөн ч, өнөөдөр ч гэлээ, нэр алдар нь улирч сулрахгүй дуурсан дурсагдана вэ!

Ямар гавъяа байгуулсандаа, ямар хүн явсандаа тийнхүү нэр нь гарах болгондоо Монгол хэмээх төрж өссөн улс орныхоо алдар сууг үүрд дурсуулдаг юм бол хэмээн хэн хүнгүй сонирхох буй за.

Улс орноо өөрчлөлт шинэчлэлтэнд хөтчилж, Европын тэргүүлэх гүрнүүдийн эгнээнд хүргэсэн, бүх Оросын анхны эзэн хаан Их Петрийн итгэмжит нэгнээр тодорч, өмөг түшигт нь багтаж, Оросыг сэргээх, шинэ нийслэл Петербургийг бүтээн босгоход голлох үүрэгтэй, онцгой хувь нэмэртэй оролцож, түүхэнд аугаа их хаантай хамтдаа мөнхрөх хувь заяа монгол эхийн хэвлийд бүрэлдсэн Борной гэгч хаа тэртээх харь нэгэн хүмүүнд заяасан юмсанжээ.

Чухам юу бүтээсэн тухайд гэвэл, гидротехник, гидравликийн амаргүй бэрх тооцоо хийж, тухайн үедээ хүний санаанд багтамгүй аварга төсөл боловсруулж, “Ижил мөрнийг Балтийн тэнгистэй холбож, Мста, Тверь голын усыг сувгаар нэгтгэн, түүгээр дамжин гадагш худалдаа хийх” Их Петр хааны сэдсэн санааг хосгүй гэхээр гүйцэтгэсэнд оршдог ажээ.

/Би монгол хүн шүү хэмээн баталж өгсөн хөрөг зураг нь энэ гэдэг. Энгийн нүдээр хараад ч, угсаатны зүйн нарийн магадлан шинжилгээ хийгээд ч, гарцаагүй монгол хүн гэсэн ганцхан дүгнэлт л гарахаас аргагүйд хүрчээ/

Ижил мөрнийг Балтийн тэнгистэй холбосон хиймэл усан зам татах тэрхүү гидротехникийн аварга цогц байгууламжийг “угийн л төрөлх авъяастан, аяндаа сурсан усны мэргэжилтэн, энгийн нэгэн худалдаачин, үсэг бичиг ч үгүй нэгэн чадвартан” гэх зэргээр цоллуулсан манай монгол хүү Борной ямар ч бол бүтээсэн нь гидротехникийн ухаан, ус замын тээврийн түүхэнд эгнэгт дурсагдах онц гайхашиг болон үлджээ.

Тэр их эрсдэлтэй, бүтэх бүтэхгүйг нь шууд хэлэхийн аргагүй зүйлийг улсын хөрөнгөөр хийхгүй, арын нь дааж, ялы нь үүрнэ хэмээн заримдаа мянга гаруй усан замын мастерууд, хар бор ажлын хүмүүсийг хамран, дан ганц Орост төдийгүй, Европт гайхуулсан аварга байгууламжийг өөрийн мөнгөөр бүтээн босгосон түүхтэй ажээ. Тийнхүү Борнойн байгуулсан усан замаар том том хөлөг онгоц нааш цааш сүлжилдэх болжээ. Борной өөрөө ч хөлөг онгоц угсарч эхэлжээ.

/Сердюков хүү охин хоёртой байжээ. Хүү Иван Сердюков нь усч усандаа гэдэгчлэн, усан сангийнхаа гүүрэн дээгүүр явж байгаад, гэнэ алдаж, унаа морьтойгоо эрчилсэн их усанд үйж одсон гэдэг.
Охин Е.М. Храповицкаягийнх нь хөрөг/

Дарсны зэрэг олон үйлдвэр, байгууламжтай, асар их хөрөнгөтэй, хийж бүтээхийн цуцашгүй эрмэлзэлтэй, улсынхаа хөгжил, нийгмийн үйлст хөрөнгө мөнгөө харамгүй зардаг, ямагт үнэнч шударга ёсыг эрхэмлэдэг тэр их хүний ажил үйлс дандаа ч дардан замаар бүтээд байсангүй. Атаархал хорсол, дайралт доромжлол, ажил үйлсийг нураах булаах гэсэн оролдлого, бүлэглэсэн олон хулгайч дээрэмчдийн довтолгоон зэрэг зүсэн зүйлийн явдал нэг биш тохиолдож, заводыг нь ч бүр шатааж ч байжээ. Тэр бүхэнд шантрах хүн нь эрхбиш Борной биш байсан нь яамай гэхээр. Аз болоход харин, I Петр хаан түүнд хязгааргүй итгэж, хэзээд дэмжихэд бэлэн байсан нь, юугаар орлуулашгүй бат бэх ар тал, суурь дэвсгэр болж өгчээ. Их хаан бүтээн байгуулалтыг нь биеэр залран ирж үзэж, оюу болон алмас эрдэнийн шигтгээтэй хоёр ч алтан бөгж бэлэглэж байсан гэдэг юм билээ.

XVIII зууны их сэтгэгч, зохиолч А.Н.Радищевийн бичсэн “Путешествие из Петербурга в Москву” гэдэг ном 1988 онд академич Ш.Цэгмид гуайн орчуулгаар хэвлэгдэн гарсан байдаг юм. Радищев тэр номондоо, Борнойн тухай, “Гол мөрний урсгалыг хүний гараар өөрчлилж, эх нутгийн өнцөг буланг холбож, их хөлийн зам болгох гэсэн санааг анх сэдсэн хүн хойч үеийнхэндээ мөнхийн хөшөөгөө босгуулах гавъяатай билээ” хэмээн бахдан бичжээ. Тэрхүү “достоин памятника для дальнейшего потомства” хүртэх хүн нь мөнөөх л манай Борной билээ. Аугаа их найрагч Александр Пушкин ч гэлээ, “Гол мөрнийг өөрийн гараар өөрчилж, усан зам бүтээсэн хүмүүсийн дурсгалыг Радищев хүндэтгэн магтжээ. Их тэнгисийг гол мөрнөөр холбох I Петр хааны сэдсэн санааг чухамдаа Михаил Иванович Сердюков тэргүүтэй оросын мастер, ажилчин хүмүүс амьдралд хэрэгжүүлсэн юм шүү” хэмээн нэр цохон дурдсан тухай түүх бий.

/Сердюков бол энэ гэж, хэний хөрөг болох нь тодорхойгүй он зурагт олон хүний толгой эргэж иржээ. Энэ зургаас хараад, яаж ийм хүн явж явж монгол угсааных байх вэ гэж батлан дүгнэсээр уджээ/

Монгол нэрээр нь Сэлэнгийн Борной, Эмгэний Борной хэмээн нэрийдэн бичиж буй Михаил Иванович Сердюков гэгч тэр хүн хэзээ эх орон Монголдоо байж байгаад, хэдийд нь Орос оронд хүрэлцэн очиж, хэл бичиг, ёс заншлыг нь төгс төгөлдөр сурч эзэмшиж, тэнд бүх насаараа аж төрж, бүр тэгээд аугаа их Петр хааны итгэмжит хүн болчихсон хэрэг вэ?

Эгэл хүний хувь заяанд нартай тэнгэрт цахилгаан цахихийн нэгэн адил ер санамсаргүй, огт гэнэтийн хувирал өөрчлөлт гарах нь тэгтэл элбэг биш ч, бас ч тохиох нь бий. Тэр л лугаа үлгэр нэгэн болж, тунарсан их Сэлэнгэ мөрнийхөө хөвөөнд, аав ээжийнхээ асрал хайран дунд умбаж, эрхэлж тоглож, хар багаасаа нутгийн нэгэн хийдэд ирээдүй хойчид номтой эрдэмтэй лам болох юунаа магад хэмээн шавилж суусан, 13 настай хөвгүүний хувь заяанд ч гэлээ гэв гэнэт эргэлт гарчээ.

/Э.Борной буюу М.И.Сердюков мэдээж хэрэг, маш баян хүн байжээ. Олон газар олон сайхан орд харш, орон сууцтай байсны дотор хоёр давхар энэ сууц ч орно. Одоо хэр нь хамгаалалтанд байдаг ажээ/

1691 онд Орос, Монголын зах хязгаараар цэрэг цуух болсон мөргөлдөөн гарч, хасаг цэргийн отряд манай ноёдын албат хамжлага хэсэг хүмүүсийг олзлон авчээ. Тэр дунд арван гурван настай Борной хүү ч оржээ. Тэднийг Чикойск гацаанд авчирсан хойноо, Иван Волосов хэмээх хасаг эр Борной хүүг мөнгө болгохоор Енисейскт хүргэсэн ажээ. Арилжаа наймааны ажил хэргээр тэнд явж асан, нэгэн их баяны хөлсний наймаачин Иван Михайлович Сердюков олзны хүүг мөнөөх хасаг эрээс арван рублиэр худалдан авсан аж. Олон газар явж, олз наймааны хэрэгт гаршсан, эдийг бус, хүнийг нь хараад л шинждэг гэх мань худалдаачин эрийн нүдэнд Борной хүү гойд содон тусчээ. Хожим хойно өөрт нь хэрэг болохуйц, нүдэндээ галтай, нүүрэндээ цогтой хөвгүүн болохыг нь анзаарсан тэрбээр эргэлзэж тээнэгэлзсэн ч үгүй, үрчлэн авахаар шийдэж, Михаил хэмээх нэр хайрлаж, Иван Сердюков хэмээн өөрөөрөө овоглож, орос ёс заншил, бичиг үсэгт сургаж эхэлжээ. Хөвгүүн ч орос хэл бичгийг харсан хүн гайхахаар, хачин түргэн сурсан гэдэг.

Тийнхүү Михаил Иванович Сердюков гэдэг овог нэртэй болохоосоо өмнө нэг асуухад нь, нутаг усаараа Сэлэнгийн Борной хэмээн хариулснаар, Бароно Силингинов хэмээн дуудуулах болж, хожим нэгэнтээ Эмгэний Борной гэж аавынхаа алдраар нэрээ хэлж, Бароно Имегенов гэгдэх болсон хөвгүүн, үрчилж авсан аавтай хамт Енисейскт 1695 он хүртэл аж төрж, худалдаачны арга ухаанд суралцжээ.

/Эртний Крез шиг хөлгүй баян орос худалдаачин М.Г.Евреинов нэг хэсэг Сердюковыг хөлслөн ажиллуулж байгаад их мөнгөтэйгээр хааны мэдэлд шилжүүлжээ/

Угийн гүйлгэн ухаантай хуурай эцэг нь, алсдаа хол явах хүүг тэрүүхэнд нь тушаад байя гэж бодсонгүй. Москвад дагуулж очиж, худалдаачдын голомтонд аваачиж сургаж авъя хэмээн шийджээ. Москва хотод олон сараар төвхнөн сууж, улмаар Астрахань хүрч, оросын их ачаа бараа аван, Перс хүртэл аялжээ. Тэргүүн наймаачдын зиндаанд дэвших арга ухаантайг нь анзаарсан Москва хотын цуутай баян Матвей Григорьевич Евреинов гэгч их гарын эр хөвгүүнийг хөлслөн ажиллуулах болжээ. Чухам тэнд ажиллаж байхдаа хүний нүдэнд аяндаа тусдаг нөгөө л гоц чанараараа I Петр хаанд ч анзаарагджээ.

Түүхчдийн бичснээр бол, I Петр хаан эртний домгийн Крез шиг баян наймаачин Евреиновын худалдааны лангуу, агуулах савыг үзэж явахдаа, тэнд ажилладаг хөлсний залуу Сердюковыг нүдэлж авчээ. Асуулт асуух бүрт нь ончтой ухаалаг, товч тодорхой, үндэслэл сайтай хариулт өгч, бишрэх сэтгэлийг нь эрхгүй төрүүлжээ. Худалдаа наймаанд мэргэшснээр барахгүй, оньсон техникт ч адтай авъяастайг нь олж тогтоожээ. Хаанд хүртэл тоогдоод байсан тэр үеэр нь үрчилж авсан эцэг нь өөд болж, цаашдаа бие даах бололцоотой болжээ.

I Петр хаан Сердюковын үнэнч шударга, ажилч хичээнүй, зохион байгуулах ер бусын авъяастайд нь бүрэн итгэж, өөрийн мэдэлд авахдаа, Евреинов болон Москва, Новогородын томоохон худалдаачдад хандаж, энэ залууд хүссэн хэмжээгээр нь зээл олго, та нар түүнээс ашиг олохоос алдагдал хүлээхгүй хэмээн тушааж байсан ажээ. Ингэж л ирээдүй хойчид I Петр хаантай цуг алдар нэрээ дуурсгах монгол хүмүүн холын аяны замд гарчээ.

/Гидротехникийн гайхашгийг үзүүлж, Ижил мөрнөөс Балтийн тэнгис рүү орох усан замын байгууламжийг барьж бүтээсэн бол, сүүлдээ усан онгоц угсрах болжээ. Түүний барьсан "Карбазин" хэмээх усан онгоцны гар зураг/

Сердюковын удам угсааны талаарх эргэлзээ бүр хожуу болтол арилсангүй. Ийм хүн яалаа гэж, хаа тэртээх Монгол газрын хүн байх вэ, Ижил хавийн л халимаг байх гэлцсээр уджээ. XXVII зуунд аж төрж асан, Сердюковынхны удам судрыг нь хүртэл андахгүй мэдэх, шинжлэх ухааны том зүтгэлтэн, төрийн зөвлөх, дурсамж дурдатгал бүтээгч, ид бүхэн нь бүрдсэн Я.Я.Штелин хүртэл тэрхүү эргэлзээнд нэг мөсөн хариулт өгсөнгүй, халимаг ч юм шиг, монгол ч юм шиг тодорхойлолт өгсөн нь хожим хойчдоо бүдэг бадаг явахад хүргэжээ.

Уруудахад буруудахад гэгчээр, Сердюковын хөрөг гэгч нэг зураг олдсон нь, хэн ч харваас, монгол удмын хүн байхын эцэсгүй, битүү хууз сахалтай, унжуу урт хамартай, илтгэл алдарч цөхөрсөн байрын харцтай, баруун гартаа хагас тэнийлгэсэн гортиг сулхан гэгч нь атгасан, нэргүй нэгний хөрөг таарсан ажээ. Ийм хүн яаж монгол байх вэ, хараажаар орос л төрхийн хүн байна гэх дүгнэлт гараад удсан аж.

Аливаа маргаантай үйл явцыг баримтаар батлах нягт нямбай, түүхэнд үнэнч хүн заавал нэг гарч ирдэг. Тэр ч ёсоор, В.С.Виргинский хэмээх Москва хотын өдий төдий их дээд сургуульд шинжлэх ухаан, техникийн түүхээр лекц уншдаг, доктор профессор нэгэн, XX зууны дундуур Михаил Иванович Сердюков бол монгол хүн гэдэг гарцаагүйг баталсан өөрийн мэдүүлэг зэрэг баримтыг нь олж гаргаж ирээд, “Михаил Иванович Сердюков, 1678 - 1754” гэсэн нэртэй номыг М.Я.Либерман гэдэг хүний хамт бичиж, 1979 онд Москва хотноо хэвлүүлжээ.

/Сердюковын барьсан усан сувгийн адаг, усан будгийн зураг, М.М.Иванов, 1785 он/

Тийнхүү сүүлд олж, гаргаж ирсэн Сердюковын өөрийн мэдүүлэгт, “Угсаа гарлаараа ямар үндэстэн болох, ямар хот, ямар тойрог, аль газар төрсөн болох, эцэг чинь ямар овог, мэргэжил, хэргэмтэй хүн байсан бэ?” гэсэн асуултанд, Борной биеэрээ хариулахдаа, “Би монголын ард түмнээс угсаа гаралтай, Сэлэнгэ мөрний хавьд, мөнхүү тэр мөрний нэрээр нэрлэгдсэн газарт 1678 онд төрсөн. Миний эцэг морины эмээл хэрэглэл, нум сум хийдэг хүн байсан. Адуу арилжихаар Хятад газар явж байсан. Нэрийг нь Имеген гэдэг байв” хэмээн өчжээ. Бас тэрбээр, арван гурав хүртлээ хийдэд шавилж, суралцаж байсан, зарим ёс заншлаас нь мэднэ хэмээн хариулсан ажээ.

Михаил Иванович Сердюков бол монгол хүн гэдгийг нь ядах юмгүйгээр батлахаар хөрөг зураг ч олджээ. Жинхэнэ болон хуурамч хөрөг зургуудад нь магадлан шинжилгээ хийсэн Москвагийн Их сургуулийн Антропологийн эрдэм шинжилгээний институтийн дүгнэлт ч аль нь чухам мөн, алин биш болохыг нь давхар батлаад өгчээ.

/I Петр хаанд усан сувгийн төслөө айлтгаж байгаагаар бүтээсэн хүрэл хөшөө/

Тийнхүү олон жилийн дараа нутгаараа бол Сэлэнгийнх гэх, эцгээрээ бол Эмгэнийх гэх Борнойн жинхэнэ удам угсаа хэзээ ч маргах аргагүйгээр Монгол хэмээн тодрон гарч ирсэн билээ.

Аугаа их яруу найрагч А.С.Пушкин болон XVIII зууны их сэтгэгч, зохиолч А.Н.Радищев нар, Сердюков шиг тийм хүнд ирээдүй хойч үеийнхэн нь өнө мөнхийн гэрэлт хөшөө зайлбаргүй босгоно хэмээн урьдчилан хэлсэн ёсоор Вышний Волочёк хотод I Петр хаан болон чухам тэнд усан систеийг үүсгэн бүтээсэн Сердюков нарт зориулсан хүрэл хөшөө хийхдээ, эхлээд их хааны өмнө өвдөг сөгдөн, усан замынхаа төслөө барьж байгаа загвар гаргажээ. Тэгснээ цагийг эзэлсэн хоёр их хүний хөшөөг бүтээхдээ, нэгийг нь нөгөөдөө сөгдөж байгаагаар хийх нь зохимжгүй, аль алин л алдар цуутан, тэр их үйлсийг бий болгохдоо ямар л дандаа нэгэндээ сөгдөж мөргөж байв гэж хэмээлцэн, түүний оронд хааныхаа өмнө зогсоод, төслөө дэлгэн танилцуулж байгаагаар өөрчлөн төгөлдөржүүлжээ.

Михаил Иванович Сердюков буюу Эмгэний Борной хэмээх нэгэн нэрд гарсан их хүмүүн Монгол түмний дундаас төрсөн нь түүхийн гарцаагүй үнэн билээ. Монголчууд бид ч гэлээ, тэртээ тэнд алдар цуугаа өргөсөн Михаил Иванович Сердюков бол хэний ч өмнө, би монгол хүн хэмээн омог бардам хэлж явсан, элэг зүрхнийхээ чанадад эх орноо оршоож байсан нэгэн хэмээн хүндэтгэн бодож байхад гэмгүй ажээ.

До.Чулуунбаатар тэрлэв. 2020.10.20


Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.161.57
    2020/10/21

    Хөөрхий сэтгэлийн гүндээ Эх нутгаа сангалзан үргэлж үгүйлж дурсдаг болохоороо Би Монгол Хүн гэж ярьж явдаг байжээ

    Хариулах