​ 1 тонн дэрвэгэр жиргэрүү худалдан БОРЛУУЛАХ ГЭЖ БАЙСНЫГ ИЛРҮҮЛЖЭЭ

Админ
2020/10/21

Экологийн цагдаагийн алба  хууль бусаар бэлтгэсэн 1 тонн дэрвэгэр жиргэрүү хадгалж, худалдан борлуулахыг завдсан этгээдүүдийг илрүүлжээ.  Дорнод аймгийн Чойбалсан сумаас илрүүлсэн  уг хэрэгт яг одоо шалгалтын ажиллагааг явуулж байна.

Байгаль орчин, аялал жуучлалын сайдын тушаалаар уг ургамлыг 2018 оноос 2023 он хүртэл буюу 5 жилийн хугацаанд түүж бэлтгэхийг хориглосон. Газрын судас гэгддэг энэхүү эмийн ургамал нь экосистемд чухал үүрэгтэй. Газрын чийгийг барьдаг ач холбогдолтой эл ургамлын үндсийг түүвэл дахин төлждөггүй, хөрс сийрэгжин доройтож, цөлждөг гэдгийг эрдэмтэд баталсан байдаг.

Хэрэв дэрвэгэр жиргэрүүг түүж бэлтгэсэн, худалдан борлуулсан, хадгалсан, тээвэрлэсэн бол Эрүүгийн хуулийн 24,8-д зааснаар 5400 нэгж буюу 5,4-27 сая төгрөгөөр торгох, 1-5 жилээр зорчих эрхийг хязгаарлах болон хорих ялаар шийтгэдэг. 

Мөн үүнээс гадна дэрвэгэр жиргэрүү кг-ийг нь 50 мянган төгрөгөөр үнэлдэг. Энэхүү экологи эдийн засгийн үнэлгээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэхүйц төгрөгөөр дахин торгох арга хэмжээ авдаг байна.


 

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна