“Анод”-ын дампууралтай холбогддог Б.Энххуяг Монголбанкны Ерөнхийлөгч болох нь

Админ
2019/04/19

“Капитал” банкны дампуурлыг зарлахтай зэрэгцээд Монголбанкны ерөнхийлөгчийг солих асуудал гэнэт яригдаж эхэллээ. Засгийн газраа огцруулж, хотын удирдлагуудаа шинэчилсэн МАН-ынхан одоо Төвбанкаар тоглохоор шийдэв бололтой. Гэхдээ хамгийн сэжигтэй, үл ойлгогдом мэдээлэл нь Төвбанкны ерөнхийлөгчийн суудалд “Анод” болон “Зоос” банкны дампууралтай нэр холбогдож , бүр яллагдагчаар татагдан шалгагдаж байсан Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч асан Б.Энххуягийн нэр яригдаж байна. Тэрээр чадварлаг банкируудын нэг ч мэдлэг чадвараа зөвхөн банк дампууруулахад ашигласан гэгддэг. Түүнийг “Зоос” банкны захирал байсан Бен Турнболлтой хамтран уг банкийг унагаах ажиллагаанд оролцсон гэх хардлага бий.

“Анод”-ыг дампуурсны дараа тухайн үед Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Б.Энххуягийг яллагдагчаар татан шалгаж байсан нь тэр үед дуулиан болж байв. Улмаар Монголбанкны дэд ерөнхийлөгч асан Д.Энхжаргал болон Б.Энххуяг нар өөрсдийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдөж байсан юм. Б.Энххуяг “Анод”-д хувьцаа арилжих зөвшөөрөл олгох ажлын хэсэгт ажиллаж байсан. Үүнээс болж 1235 хүн “Анод  банк” ХК-ийн хувьцааг худалдан авснаар 9.8 тэрбум төгрөгийн хохирол амссан гэж тухайн үед шуугьж байв. Мөн тухайн үеийн Сангийн яамны хуулийн хэлтсийн дарга Д.Ганбат, Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан, Хөрөнгийн биржийн захирал Р.Содхүү нарыг уг хэрэгт холбогдуулан шалгаж байв. Хохи­рог­чдын зүгээс ч тэднийг “Анод”-ын удирд­лагуудтай хуйвалдсан, тэднээс авлига авсан байж болзошгүй хэмээн АТГ-т шалгуулах хүсэлт тавьсан байдаг юм. Ингээд “Анод”-ын хэрэгт Ш.Гүр-Аранз, Н.Даваа, Д.Энх­төр, Л.Уламбаяр нараас гадна Б.Энххуяг, Д.Энхжаргал, Д.Ганбат, Д.Баярсайхан, Р.Содхүү на­рыг шалгаж, эцэстээ Б.Энххуяг, Д.Энхжаргал нар өөрсдийн хүсэлтээр Монголбанкны тэргүүн дэд, дэд ерөнхийлөгчийн албан тушаалаас бууж байв.

Тухайн үед Б.Энххуягийг зөвхөн дээрх хэргийн улмаас шалгаагүй гэдгийг хэвлэлүүд мэдээлж байлаа. Монголбанкны чадварлаг мэргэжилтнүүдийн тоонд зүй ёсоор ордог байсан тэрээр “Гандирс”-ын ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байсан. Мөн АНУ-ын иргэн, “Стоунлей интернэйшнл” компанийн захирал Жорж Чайлмерсийн хэргийг “судалж”  байсан. Хэдийгээр өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдсөн ч Монгол Улсад 50 сая ам.долларын хохирол учруулчихаад байхад Монголын төлөө цохилох зүрхтэй л бол Б.Энххуяг хуулийнханд Ж.Чайлмерсийн зүг чигийг гаргаж өгөх учиртай хүмүүсийн нэг яах аргагүй мөн байсан гэдэг юм. Түүнчлэн мөнгөн дэвсгэртийг шинээр хэвлүүлэх ажилд хэнийг ч урдаа гаргахааргүй арвин туршлагатай.

Ардчилсан намын угшилтай гэгддэг Б.Энххуягийг Монголбанкны ерөнхийлөгчид зүтгүүлэхийн гол утга энд ч байж мэдэх юм. Өөрөөр хэлбэл, Төвбанкны ерөнхийлөгчийн суудалд тэнцэх банкир олон ч Б.Энххуяг шиг өвөрмөц чадвартай нь ховор. “Капитал” дампуурсан энэ цагтай давхцуулан түүнийг энэ албан тушаалд  зүтгүүлэхийн цаад учиг нь юу бол. Юутай ч банкны салбарт савлагаа үүсэж, хоёр ч банк хаалгаа бариад байсан үед эрүүл мэндийн шалтгаанаар чөлөө гуйж, ажлаа өгч байсан залуу энэ удаад Монголбанкны ерөнхийлөгч болохоор эргэн ирж буй бололтой. Улсын зардлаар олон жил сурч боловсорсноос өөрөөр төрийн албанд  бараг ажиллаагүй, бизнес хөөж гавиагүй хэрнээ өдгөө Нүхтэд  хэдэн зуун  саяар үнэлэгдэх  хаустай, баргийн аавын хүү авч дийлэхээргүй унаатай энэ эрийн сураг ийнхүү банкуудын дампуурлын үеэр гэнэ гэнэхэн дуулддаг болов.

 

Эх сурвалж http://udriinsait.mn 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна