Намаа хуваасан С.Эрдэнэ хүүдээ нам тасалж өгчээ

Админ
2019/06/10

Монголчууд хүүхдээ эрийн цээнд хүрэхээр нь гэр барьж, гал, мал тасалж өгдөг. Энэ цагийн баячууд харин эрх хүүхдүүддээ нам тасалж өгдөг болжээ. Тухайлбал, Эрдэнэ ван гэгдтэлээ Баянгол дүүргийг эзэмшин, эзэгнэсэн АН-ын дарга С.Эрдэнэ дунд хүүдээ нам байгуулж өгсөн ажээ.Үгүй мөн баярхаж байгаа юм шүү. Нас биед хүрсэн хүүдээ байр сав, унаа тэрэг авч өгөөд өрх тусгаарлуулахад болох байтал бүхэл бүтэн нам байгуулж өгч байдаг. Нам байгуулна гэдэг чинь наанадаж 801 хүний дэмжлэг авсан байх ёстой. Тэрийг нь хангаад нам байгуулж байна гэхээр Эрдэнэ ван хүүдээ өөрийн хошуунаас тасдан 801 албаттай хошуу байгуулж өгсөн гэсэн үг юм уу даа.

 

Аав нь Ардчилсан намын дарга, хүү нь Зон олны намын ерөнхий нарийн бичгийн дарга. Монголын улс төрд ийм үзэгдэл урьд өмнө байсангүй. Жишээ нь сая Хэнтий аймгийн 42 дугаар тойргийн нөхөн сонгууль зарлагдахад Ардчилсан нам ч, Зон олны нам ч аль аль нь өрсөлдөнө гэдгээ мэдэгдэж Сонгуулийн ерөнхий хорооноос батламжаа авсан. Аав, хүү хоёрын нам хоорондоо өрсөлдөнө л гэсэн үг. Сонирхолтой парадокс.Наанаа өрсөлдөгч боловч цаанаа зөвшилцөгч, хуйвалдагч байх уу, эсвэл үнэхээр наанаа ч, цаанаа ч эвлэрэшгүй өрсөлдөгч үү. Ирэх жил болох УИХ-ын сонгуулиар Зон олны нам 76 тойрогт нэр дэвшүүлэн өрсөлдөнө гэж тус намын генсек Эрдэнийн Одбаяр мэдэгдсэн байна лээ. Энэ нь Ардчилсан намын саналыг бүх тойрогт хуваана гэсэн үг. Үүгээрээ аавдаа хүү нь тус хүргэнэ гэсэн үг үү, ус болно гэсэн үг үү.

 

С.Эрдэнийг МАНАН бүлэглэлийн нэг гол толгойлогч, Ардчилсан нам дахь МАНАН-гийн удирдагч гээд байдаг. Тэр нь үнэн бол хүүгийнх нь нам сонгуулийн тойрог бүрт нэр дэвшүүлж Ардчилсан намын саналыг хуваах нь С.Эрдэнэд ашигтай байх бизээ. С.Эрдэнийг Ардчилсан намын даргаар сонгогдоход олон нийт дийлэнх нь эсэргүүцэж, шүүмжилж байсныг санаж байна. Тэр дундаа “Ардчилсан намын даргын сонгуульд МАН яллаа” гэж олны танил нийтлэлч бичиж байсан билээ.

 

Нээрээ л сүүлийн хоёр жил хагасын хугацаанд Ардчилсан намын дарга МАН-ын эрх ашгийг байнга хамгаалсан. Бараг л МАН-ын бие төлөөлөгч шиг ажилласан. Хүүдээ нам байгуулж өгсөн нь ч Ардчилсан намын даргын сунгаанд нэр дэвшин өрсөлдсөн тэр хугацаатай давхацдаг бөгөөд С.Эрдэнэ сунгаандаа унах аваас өөрөө Зон олны намын дарга болох байсан ч гэлцдэг. Хүүгийнх нь нам Ардчилсан намын үүсэн байгуулагдсан яг төр өдөр буюу арванхоёрдугаар сарын 06-ныг тааруулан байгуулагдаж, үүнийгээ Ардчилсан намтай яг адилаар Их Монгол Улс байгуулагдсан оныг бэлгэдсэн гэж тайлбарлаж байгаагаас харахад Зон олны олны нам Ардчилсан намыг хорлоод ч байгаа юм шиг. Бэлгэдлийг нь булаацалдаад л.

 

МАНАН бүлэглэл буюу албан тушаалын мафи нам дамжин томорч, улс орны хөгжлийг, ардчилал, шударга ёсыг уландаа гишгэж байгаа энэ үед Ардчилсан нам хүчирхэг, гишүүд, дэмжигчид нь нэгдмэл цул байж л ялалтад хүрнэ. Гэтэл Ардчилсан намын дарга нь гэр бүлийн нам байгуулж, хүүгээрээ удирдуулчихаад түнийгээ Зон олны нам гэж нэрлээд байгаа нь хоржоонтой. Уг ньЗон олны нам буюу ЗОН-ыг Зөвхөн Эрдэнийн нам буюу ЗЭН гэмээр санагдана.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна