Монголбанкны дургүйг хүргэвэл дампуурч, дурыг нь хөдөлгөвөл “эрхлүүлдэг” үү?

Админ
2019/06/13

Улс орны банк санхүүгийн систем тогтвортой байхын хэрээр эдийн засаг нь тэр чинээгээр бат бөх байдаг жамтай. Харин манайд эдийн засаг нь улс төр, цаашлаад нэг нам, танил тал, төрөл садан ураг төрлийн холбоон дээр тогтсоор удлаа. Ийм эдийн засгийг эмзэг хэврэг гэж тодотгох нь илүүц биз…

 

Засаг хэн барина, тэр нь Монголбанкны Ерөнхийлөгчөөрөө гарын хүнээ тавина. Харин томилогдсон нөхөр нь дээрх улс төр, нэг нам, танил тал, төрөл садандаа тал зассаар хугацаат алба нь дуусгана. Ингэхдээ алдаагаа өмнөх рүүгээ чихэж, оноогоо өөртөө нялзааж үргэлжүүлэн хэдэн сар ч боловч албан тушаалдаа үлдэхийг санаархана.

 

Уг нь Монголбанк үндэсний мөнгөн тэмдэгт-төгрөгийн тогтвортой байдлыг хангаж, санхүүгийн зах зээл, банкны тогтолцооны тогтвортой байдлыг хангах замаар үндэсний эдийн засгийн тэнцвэртэй хөгжилд дэмжлэг үзүүлэх үүрэгтэй. Гэвч Ерөнхийлөгч нь банкны тогтолцооны тогтвортой байдлыг хангах нь байтугай үзэмжээрээ шийдвэр гаргаж, дургүй хүргэсэнийг нь дампууруулж, дурыг нь хөдөлгөсөнийг “эрхлүүлсэн” баримтууд хэвлэлээр цацагдсаар байна.

 

Монголбанкныханд Капитал банкийг “алахгүйгээр” аврах боломж байгаагүй биш байсан гэх. Гэвч нэгэнт алахаар шийдсэн тул хэсэг хэсгээр нь үйл ажиллагааг зогсоож,  тамлан зовоосон түүх өдгөө ч хэвлэлийн хуудаснаа бичигдсээр. Ядахдаа л удирдлагын багийг солиод шат дараатайгаар сэргээсэн бол боломж байсан. Харамсалтай нь  тус банкны удирдлагууд  МАН-ын дотоод хагарлын үед хэнийх нь ч талд ороогүй тул банкыг дампууруулж,  олон нийтийн анхаарлыг өөр тийш нь хандуулахыг зорьсон байж болзошгүй байна. Өөрөөр хэлбэл дээр дурдсанчлан Монголбанк нэг нам, танил талдаа үйлчилсэн гэх өндөр магадлалтай.

 

Тэд ийнхүү дампууруулж чаддаг бол эрхлүүлж ч бас чадна. Монголбанкны ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа Н.Золжаргал шийдвэр гаргаж Улаанбаатар хотын банканд 100 тэрбум төгрөгийн санхүүжилт олгосон. Энэ мөнгө нь “нохойн замаар” гэх мэдээлэл байдаг. Үүний улмаас Монголбанк 30 гаруй тэрбум гаруй төгрөгийн алдагдал хүлээсэн гэх. Мөн Голомт банкийг 100 тэрбум төгрөгөөр “эрхлүүлсэн” түүх  бий.

 

Түүнчлэн Монголбанкныхан Худалдаа хөгжлийн банкийг ч гэсэн удаа дараа эрхлүүлж, толгойг нь илсээр  ирсэн.  Эдгээр үйлдлүүдийн зарим нь өнөөдөр хууль хяналтын байгууллагад шалгагдаж, эрүүгийн хэрэг үүсэн шалгагдаж буй.

 

Бодит байдал дээр Монголбанкинд эрхэлж, дэмжлэг авч байгаа арилжааны банкууд нь эрсдэлтэй байгаа нь нууц биш. Хэрвээ арилжааны банкнуудаа  алаг үзэлгүй бүгдийг нь  дэмжээд явсан бол зах зээлийнхээ зарчмаар хөл дээрээ босоод ирэх ч  байсан  юм билүү хэн мэдлээ.

 

Экс Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хэлснээр “Шударга байя л даа”. Үгүй бол эмзэг банкны салбар чинь  бүүр ч эгзэгтэй хэмжээнд хүрнэ шүү гэдгийг Монголбанкныханд анхааруулж байна.

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна