С.Эрдэнээс рейтинг нэхэж бүү зовоо

Админ
2019/06/18

Ардчилсан намын рейтинг хамгийн сүүлийн судалгаагаар хотод 7, хөдөө орон нутагт 8 хувьтай гарчээ. Гэтэл эрх баригч МАН-ын рейтинг арав гаруй хувьтай байгаа аж. Ардчилсан намын рейтинг урьд өмнө ингэж шалан дээр унаж байгаагүй юм. Улс төрд тогтсон жишгээр бол ямар ч үед сөрөг хүчний рейтинг өндөр байдаг. Тэр тусмаа өнөөгийн нөхцөлд эрх баригч МАН-ын нэр хүнд олон нийтэд асар унаад байхад сөрөг хүчин Ардчилсан намынхны рейтинг өсөх ёстой.

 

Тэгж чадахгүй эрх баригчдаас долоон дор үнэлэгдэж байгаа нь өнөөгийн Ардчилсан нам буруу замаар будаа тээгээд байгаагийн л илрэл. Ардчилсан нам олон нийтийн өмнөөс эрх баригчдад хяналт тавьж, шударга үнэнийг хамгаалж, эгэл жирийн иргэдийн дуу хоолой болж чадахгүй байгаа гэсэн үг.

 

Төрийн албыг үнэлэн наймаалцахыг завдсан 60 тэрбумын хэрэг, ЖДҮХС-гийн мөнгийг өөрсдөдөө хуваарилан завшсан, бонд, концесс, тендер, авлига гээд МАН-ынхан байж болох бүх л муу муухай, залхай луйврыг хийж, дээр нь төрийн албыг үр хүүхдүүддээ залгамжлуулан өвлүүлж, УИХ, нийслэл дээр хагаралдан тэрслэдэж, сандал ширээгээ булаацалдан огцорч, огцруулж, эрх мэдлийн төлөө үхэлдэн тэмцэлдсээр гурван жилийг үдэж байгаа.

 

Гэтэл Ардчилсан нам ийнхүү муу муухайн туйл болоод буй МАН-аас ч дор рейтингтэй байна гэдэг муугийн муугийн муу гэсэн үг. Энэ бол Ардчилсан намын удирдлага огцрох хангалттай үндэслэл.

 

Шууд хэлэхэд Ардчилсан намын дарга С.Эрдэнийн сүүлийн хоёр жилийн ажилд олон  нийт онцмуу гэсэн дүн тавьж. Намын даргын сунгаанд оролцохдоо л сонгуулийн булхай луйврын схемийг тэр чигт нь хэрэгжүүлж, мөнгө тарааж, саналын хуудсыг будилуулж, улмаар намын дарга болмогцоо дүрмийг нь дур мэдэн зассанаас эхлээд С.Эрдэнэ Ардчилсан намынхаа дотоод ардчилал, дүрэм журам, үйл ажиллагааны зарчим, хэм хэмжээг үгүй хийжээ. Гадаад талдаа ч С.Эрдэнэ олон нийтээс дан хасах оноотой яваа. УИХ-ын хоёр ч гишүүнээ намаасаа хасч, хөөснөр Ардчилсан нам парламентад бүлэггүй болсон, олон арван эгэл жирийн гишүүд нь Ардчилсан намаас гарч буй, нийгмийг цочоосон эрх мэдэл, албан тушаал, өмч хөрөнгийн хэргүүдэд МАНАН бүлэглэлийг хамгаалсан байр суурь баримталж байгаа, нийгмийн даатгалын асар их мөнгийг “Капитал” банканд хадгалуулан алдсан гээд таагүй мэдээллүүд С.Эрдэнийг намтрыг зузаалсаар байна.

 

Тиймээс түүний хувь улстөрчийн рейтинг ч шалан дээр унажээ. МЭК судалгааны байгууллагаас гаргасан ээлжит судалгаагаар Ардчилсан нам хийгээд Ардчилсан намын дарга С.Эрдэнийн рейтинг хамгийн муу гэж гарчээ. Тухайлбал, улс төрийн намуудын дарга нарын үйл ажиллагаанд өгсөн олон нийтийн дүгнэлтээр МАН-ын дарга У.Хүрэлсүх 4.7 хувийн рейтингтэй  байгаа бол Ардчилсан намын дарга С.Эрдэнэ 2.6 хувийн рейтингтэй байна. Гэтэл МАХН-ын дарга Н.Энхбаяр 3.7 хувийн рейтингтэй байгаа аж. Энэ бол Ардчилсан намын дарга сөрөг хүчний лидер байж чадахгүй, энэ байр сууриа МАХН-д алдаж байгаа гэсэн үг.

 

МЭК байгууллагынхан Үйл ажиллагаа нь таалагддаггүй улстөрчдийг иргэдээр нэрлүүлэхэд Ардчилсан намын дарга С.Эрдэнэ Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн дараа хоёрдугаарт оржээ. Түүнд олон нийт 60 тэрбумын хэргээр огцорсон М.Энхболдоос ч илүү дургүй гэдгээ илэрхийлсэн нь энэ. Эсрэгээр нь Үйл ажиллагаа нь таалагддаг улстөрчдийг нэрлэхэд Ардчилсан намын дарга С.Эрдэнэ сураггүй. Олон нийтэд тэр огт таалагддагүй гэсэн үг.

 

Таалагдахгүй олон зүйл хийж байгаа юм чинь арга ч үгүй биз. Тэгэхээр С.Эрдэнээс рейтинг нэхэж зовоох нь утгагүй хэрэг болжээ. Харин түүнээс Ардчилсан намаа салгаж авах л үлдэж. С.Эрдэнэ эр хүн шиг зориглоод намын даргын ажлаа өгчих юм бол харин рейтинг нь суга өсч мэдэхээр нөхцөл байдал нэгэнт бий болжээ.

 

 

 

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна