С.Эрдэнэ: М.Энхсайхан бол хамгийн түрүүнд шийтгэгдэх хүний нэг

Админ
2019/06/21

АТГ-аас мэдээлэл хийж, Тавантолгойн ордыг ашиглах Хөрөнгө оруулалтын гэрээг боловсруулах явцад бусдад хууль бус давуу байдал олгосон байж болзошгүй хэрэгт Монгол Улсын сайдаар ажиллаж байсан М.Энхсайханыг сэжигтнээр баривчилсан хэмээн мэдэгдсэн. Мөн түүнийг цагдан хорьсонтой холбогдуулан АТГ-аас гурван хүнээс гэрчийн мэдүүлэг авчээ. Тэдний нэг “Эрдэнэс Тавантолгой” компанийн үйлдвэрчний эвлэлийн дарга С.Эрдэнэ аж. Түүнээс дараах зүйлийг тодрууллаа.

 

-Шадар сайд асан М.Энхсайханыг цагдан хорьсонтой холбогдуулан АТГ таниас гэрчийн мэдүүлэг авсан гэж сонслоо?

 

-М.Энхсайханд АТГ-аас хэрэг үүсгэж байгаа юм билээ. 2015 онд яг юу болсон талаар тодруулсан. Би өөрийнхөө байр суурийг л илэрхийлсэн. Үнэндээ тэр үед арга барагдсан шүү дээ. Эдийн засагч хүний хувьд Тавантолгой өнөөдөр ийм ашиг тооцоолж л байх ёстой. Гэтэл үгүй юм билээ. Хэрвээ тооцоолж байсан бол МУ-д ашиггүй, 100 жилээр өгнө, уурхайн дагалдах  баялагуудыг өгнө гэж ярихгүй шүү дээ. Хэрвээ өгчихсөн бол өнөөдөр ямар байх байсан бол. Даравч далдайна, булавч бултайна гэдэг шиг л юм болж байна. Тухайн үед манай ҮЭХ-ныхон М.Энхсайханыг огцруулаач гээд хэвлэлийн хурал хийсэн, жагсаал цуглаан хүртэл зохион байгуулж байсан. Үүнийгээ л ярьсан.  Яг хуулийн дагуу тэр хүнд ямар хэрэг үүсгэж байгааг мэдэхгүй байна. Гэхдээ миний бодлоор М.Энхсайхан бол хамгийн түрүүнд шийтгэгдэх хүний нэг.

 

-Зарим эх сурвалжуудын мэдээллээр М.Энхсайхан Энержи ресурс компанид ашиг сонирхолын зөрчилтэйгөөр Тавантолгойн ордыг өгөх гэж байсан гэх мэдээлэл байна. Үнэхээр тийм зүйл болох гэж байсан юм уу?

 

-Ямартай ч тэр гэрээ Монгол улсад ашиггүй байсан. Хувийн компанид өгөх асуудал байсан уу байсан шүү дээ. Сүүлд сонсч байхад тэд бүх юмаа тооцоолсон. Гэхдээ ҮЭ, ажилчдыг эсэргүүцнэ гэж тооцоолоогүй юм билээ. Сүүлд 11 сарын 13-ны өдөр би нэг сахилгагүйтчихсэн шүү дээ. Түүнээс хойш л гэрээ хийсэн хүмүүсийг бүгдийг нь өөрчилсөн. Компаниа авч үлдэж чадсан нь манай уурхайчдын хамтын тэмцэл байсан.

 

-Тухайн үед Тавантолгойн нөхцөл байдал ямар байдалд байсан талаар эргэн сануулбал?

 

-Энержи ресурст Тавантолгойн ордны дөрөв хувийг өгчихсөн байсан. Тэд өмнө нь “Баруун наран” гэх нүүрсний уурхайг ихх өндөр үнээр авчихсан байсан зэрэг олон процесс байдаг юм. Манай компанийн хувьд ашигтай байсан гэдэг нь ойлгомжтой. Гэтэл ашигтай ажиллаж байсан байгууллагыг ашиггүй гээд зарах гэж байсан нь өөрөө том гэмт хэрэг. Тэр тусмаа албан тушаалтанд бол эх орноосоо урвасан гэмт хэрэгт. Өнөөдөр М.Энхсайханыг хорьсон гэх мэдээллийг сая цахимаас авлаа. Үүнийг зөв л гэж бодож байна. Өмнө нь энэ хүнд хариуцлага тооцох хугацаа байсан. Одоо энэ алдаагаа засч байна гэж харж байна.

 

-Тавантолгойн хэрэгт Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг холбогдуулж, АТГ-аас мэдүүлэг авсан?

 

-Тухайн үед Ерөнхийлөгч рүү албан тоот явуулж байсан. Гэтэл Ц.Элбэгдорж тухайн ямар ч арга хэмжээ аваагүй. Яагаад гэвэл энэ бүх ажиллагаанд Ц.Элбэгдорж өөрөө оролцож байсан. М.Энхсайхан, Ц.Элбэгдорж нарыг би 90-ээд оноос л мэднэ. Ардчилал хувьсгал өөрчлөлтийн төлөө мөр зэрэгцэн тэмцэх явсан хүний хувьд надад ичмээр санагдсан.

 

-Тантай хамт гурван хүн гэрчийн мэдүүлэг өгсөн гэсэн?

 

-Манай хоёр ажилтнаас гэрчийн мэдүүлэг авсан юм билээ.

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна