С.Эрдэнэ АН-ынхаа лидерүүдийг “намнасаар” өнөөг хүрчээ

Админ
2019/06/28

... Эв нэгдэлгүй, фракцуудынх нь зодоон хэрээс хэтэрсэн учраас л АН өнөөдөр УИХ-д сөрөх ч чадваргүй сөрөг хүчин болж хувираад байна. АН-д эвийн цавуу хэрэгтэй болохоос нэгнийхээ шархан дээр нь давс цацаад суудаг хүн хэрэгтэй гэж үү?...

 

Энэ бол АН-ын өнөөгийн дүр төрхийг онож хэлсэн үг. Гэхдээ өнөөдөр биш хоёр жил зургаан сарын өмнө “Ардын эрх” сонинд ингэж бичиж байжээ. Тухайн үед АН-ын даргын сунгаанд тус намын таван лидер өрсөлдөж байсан юм. Өнгөн дээрээ ардчилалтай, шударга өрсөлдөөн мэт харагдавч хэрэг дээрээ АН-ын даргын сунгаа нэгнийгээ харлуулдаг, баалдаг, намнадаг, гүтгэдэг технологи тавхан өрсөлдөгчтэй дотоод сонгууль дээр нь гаарсан билээ. Тиймээс “АН-ын даргын сунгаанд оролцогчид сөрөг хүчнээсээ аваагүй шархаа нөхрөөсөө олж авч байна” хэмээн “Ардын эрх” сонинд онцолж байжээ.

 

Өнөөдрийн өндөрлөгөөс харахад хэн хэн нь хамгийн их шарх авч, хэн нь нөхдийнхөө шархан дээр давс цацаад сууж байна вэ гэдэгт төвөггүй хариулж болохоор байна. АН-ын даргын сунгаанд оролцогчдоос сонгогдох найдвар хамгийн бага нь С.Эрдэнэ байсан. Гэвч тэр сонгогдсон. Хэн дор эрх мэдэл буй түүн дор хилэнц буй гэдэг. С.Эрдэнэ эрх мэдэл, албан тушаалд хүрэхийн тулд хилэнц ихийг үйлдсэн. Тэр нь намын даргын төлөөх сунгааны үеэр оргилдоо хүрч байж. Түүнийг нь олон нийт харж мэдэрч, шүүмжилж байж. Хэвлэлд бичиж байж.

 

Өрсөлдөгчдөө харлуулж, гүтгэж, баалж намнаж, эцэст нь саналыг нь хүртэл луйвардсан хүн бол С.Эрдэнэ. Тэрээр бусад таван өрсөлдөгчөөсөө Д.Эрдэнэбатыг хамгийн “зөөлөн зодсон” гэдгийг тухайн үед хэвлэлийнхэн олж хараад онцолж бичиж байжээ. Энэ нь ч үнэн бөгөөд С.Эрдэнэ Д.Эрдэнэбат нар МАНАН бүлэглэлийг хамтран өмгөөлж хамгаалж байгаагаар улам бүр батлагдаж буй. Тэд нийлж байгаад сөрөх чадваргүй сөрөг хүчин болоод байсан АН-ыг УИХ-д бүр бүлэггүй болгосон. С.Эрдэнэ ингэхдээ өөртэй нь намын даргын сунгаанд өрсөлдөж байсан УИХ-ын гишүүн Ж.Батзанданг намаасаа хөөж, хорслоо тайлсан.

 

Түүнчлэн өөрийнх нь хамгийн хүчтэй, хамгийн том өрсөлдөгч байсан Н.Алтанхуягийг өнгөрсөн хавар намаасаа хөөсөн. Ингэж хөөхдөө тун бүдүүлэг арга хэрэглэсэн байдаг. Сонгинохайрхан дүүргийн АН-ын дарга М.Чинболдыг ямар ч үндэслэлгүйгээр ажлаас нь халж, түүний оронд нам дамжин явж явж АН-д элссэн Д.Батцогтыг шууд томилж, тэр нь Сонгинохайрхан дүүргийн АН-ын даргын тамгыг дөнгөж авмагцаа Н.Алтанхуягийг намаас хөөх тушаал гаргасан аж.

 

БСШУ-ы сайд асан Л.Гантөмөр ч С.Эрдэнээс хангалттай шарх аваад улс төрөөс нэг хэсэгтээ холдоод буй.

 

Ер нь С.Эрдэнэ АН-ын дарга болох замаа нэлээд эртнээс засч АН-ын лидерүүдийг харлуулж, муулж, гүтгэн “намнах” ажлыг хийж иржээ. Тухайлбал, С.Эрдэнэ АН-ын дарга болонгуутаа Р.Амаржаргал, Х.Тэмүүжин, Л.Гантөмөр, Б.Баабар, Э.Бат-Үүл, Да.Ганболд, Н.Батбаяр тэргүүтэй 116 хүнийг Үндэсний бодлогын хорооноосоо хөөж байв. Энэ талаар нийтлэлч Б.Баабар өөрийн цахим хаягтаа “Тэднийг нөхөж Нийгмийн даатгалд ажиллаж байсан 116 хүн оржээ. Ардчилсан нам цэвэршлээ” хэмээн жиргэж байв.

 

Ардчилсан хувьсгалын анхдагчдаас эхлээд ид, дунд үеийн лидерүүдээ толгой дараалан “намнаж”, харлуулж, хагаралдуулж хаячихаад С.Эрдэнэ гэнэт “Би юу хийчихэв ээ” гэж толгойгоо шаасан бололтой байдаг. Ингээд Р.Амаржаргал, Х.Тэмүүжин хоёрыг л лав эргэж тойлж, намынхаа дэд дарга болгох жишээтэй.

 

Юутай ч лидергүй нам дарангуйлагчийн атганд ордгийг АН-ын сүүлийн хоёр жилийн сүүдэртэй түүх тодхон харуулж байна даа. Энэ бичвэрээ эхэнд дурдсан эшлэлээр хариулт нэхэн төгсгөе.

 

...Эв нэгдэлгүй, фракцуудынх нь зодоон хэрээс хэтэрсэн учраас л АН өнөөдөр УИХ-д сөрөх ч чадваргүй сөрөг хүчин болж хувираад байна. АН-д эвийн цавуу хэрэгтэй болохоос нэгнийхээ шархан дээр нь давс цацаад суудаг хүн хэрэгтэй гэж үү?...


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна