Г.Батбаяр: Б.Хурц нарын хэргийг хэрэгсэхгүй болгох ёстой

Админ
2019/07/23

ТЕГ-ын дарга асан, генерал Б.Хурц, Улсын Ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбат нарын 9 хүнд холбогдох шүүх хурал Төв аймгийн шүүхэд болж байна.  Тэднийг С.Зориг агсныг хөнөөсөн хэргээр гурван шатны шүүхээс яллаад буй Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн гэх үндэслэлээр буруутган шүүхээр болоод байгаа юм. Өнөөдрийн шүүх хуралд шүүгчээр Ц.Отгонжаргал, Ю.Энхмаа, Т.Батжаргал, шүүгдэгчээр Б.Хурц, Г.Эрдэнэбат, О.Бархасбадь, Ж.Мөнхгал, С.Баяр, С.Эрдэнэбат, Ү.Отгонбаяр, О.Бямбажав, Э.Өлзийбаяр, өмгөөлөгчөөр Г.Цолмонгэрэл, П.Туул нарын 17 хүн, хохирогчоор Б.Булган, Т.Чимгээ, Б.Содномдаржаа нар оролцож байна. 


Энэ үеэр Б.Хурц нарын 9 хүний нэгнийх нь өмгөөлөгч Г.Батбаяр өөрийн байр суурийг илэрхийллээ. Тэрбээр нууцын зэрэглэлтэй хэрэгт оролцож байгаа учир яг хэнийг өмгөөлж байгаагаа хэлэх боломжгүй гэсэн юм. 

 

 
- Та хэнийг өмгөөлж байгаа вэ?


-Энэ хэрэг өөрөө маш нууцлалтай хэрэг. Тиймээс эдгээр 9 хүний нэгийг нь өмгөөлж байна. Энэ хэрэг дээр хэрэгсэхгүй болгоно гэсэн байр суурьтай байгаа. 

 


- Яагаад хэрэгсэхгүй болно гэж. Эрүүдэн шүүсэн баримт нь цацагдчихаад байгаа шүү дээ?


- Эрүүгийн хуульд ижил төсөөтэй тайлбарыг хориглосон заалт бий. Эрүүгийн хуулийн 3.2-т байдаг. Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч мэдүүлэг авахын тулд хэрэг хэрэглэхээр заналхийлэх, хүч хэрэглэх гэсэн зохицуулалт байдаг. Содномдаржаа, Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн гээд байгаа этгээд нь хоригдол Ц.Амгаланбаатар шүү дээ. Үүнийг мэдсээр байж хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч мэтээр тайлбарлаж, иргэдэд буруугаар ойлгуулж болохгүй. Ер нь Сэжигтэн, яллагдагчийг баривчлах, цагдан хорих тухай хуулийн 34.1.2-т бусдыг дарамтлах, зодох, доромжилсон бол сахилгын шийтгэл хүлээнэ гэж заасан байдаг. Тэр нөхдүүд энэ сахилгын шийтгэлээ л хүлээх ёстой байсан. Гэтэл өнөөдөр маш онц хүнд гэмт хэргийг илрүүлсэн байцаагч нар буруудаад явж болохгүй. 

 


- Эрүүдэн шүүх хэргийг нь хоёр хүн хийсэн. Гэвч тэдгээр хоригдолуудад  ийм зүйл хийх боломжийг нь олгосон хүмүүс чинь эдгээр 9 хүн хэмээн буруутгагдаад  байна шүү дээ?


- Эрүүдэн шүүх боломж олгосон гэдгийг нь нотлох ёстой.    

 


- Чимгээ, Содномдаржаа нарын өрөөнд Амгаланбаатар нарыг оруулсан нь нотолгоо болохгүй юу?


- Энд нэг зүйлийг ойлгох ёстой. Энэ хэрэгт мөрдөн байцаах ажиллагаа явагдаагүй. Харин нууц баримтыг олох тагнуулын үйл ажиллагаа явагдсан.

 

 
- Шүүх хурлыг нээлттэй явуулах боломж бий юу?


- Энэ тухай саналаа одоо орж тавина. Өмнөх хэлэлцүүлэг дээр энэ хэргийн шүүх хурлыг олон нийтэд нээлттэй явуулъя гэсэн санал гарсан. 

 

Б.Заяа
 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна