Архангай аймгийн Засаг дарга Ц.Мөнхнасан, ИТХ-ын дарга  Б.Өсөхбаяр нарын хууль бус үйлдэл хэрэгсэхгүй болжээ  

Админ
Өчигдөр 16 цаг 19 минут

Хөөн хэлэлцэх хугацаа хууль завхруулагчдад завших боломж олгож байна. Ялангуяа албан тушаалтнуудын авлига хээл хахуулийн хэрэгт хөөн хэлэлцэх хугацаа хуулийн цоорхой болсоор байна. Тухайлбал Архангай аймгийн засаг дарга Ц.Мөнхнасан, Иргэдийн хурлын төлөөлөгчийн дарга Б.Өсөхбаяр, Цэнхэр сумын иргэдийн хурлын дарга Ж.Эрдэнэцогт нар Архангай аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал”-ыг 2018 оны 4 дүгээр сарын 18-нд хуралдаагүй байхад, хуралдаж “Газар орон нутгийн тусгай хэрэгцээнд” авах тухай асуудал хэлэлцсэн мэтээр хуурамч тогтоол үйлдсэн хэрэг өнгөрсөн хугацаанд Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст шалгагдаж, улмаар тус газраас хэрэгт яллах дүгнэлт үйлдүүлэхээр прокурорт шилжүүлсэн байна.

 

 

Учир нь Архангай аймгийн Иргэдийн хурлын төлөөлөгчийн дарга Б.Өсөхбаяр нь аймгийн ИТХ нь хуралдаагүй байхад хуралдсан мэтээр хуурамч тогтоол үйлдсэн, Цэнхэр сумын иргэдийн хурлын дарга Ж.Эрдэнэцогт нь сумын ИТХ-ыг хуралдаагүй байхад хуралдсан гэх хуурамч тогтоол үйлдсэн, тус аймгийн засаг дарга Ц.Мөнхнасан нь дээрх баримт бичгүүдийг хуурамч гэдгийг нь мэдсээр байж Ашигт малтмал Газрын тосны газрын Кадарстрын хэлтэс хүсэлтийг нь уламжилж, гарын үсэг зурсан нь нотлогджээ.

 

Дээрх албан тушаалтнууд хуурамч тогтоолыг Ашигт малтмал газрын тосны газарт хүргүүлж, Цэнхэр сумын нутаг дэвсгэрт байрлах “Шоронгийн ам” нэртэй газарт 4.75 га газрыг бичил уурхайгаар ашиглах боломжтой гэсэн дүгнэлт гаргуулан авч, улмаар уг дүгнэлтээ үндэслэл болгон таван жилийн хугацаатайгаар бичил уурхайгаар ашиглах гэрээ байгуулсан хууль бус үйлдэл нь илэрсэн байна.

 

 

Гэвч прокуророос дээрх гэмт хэрэг нь баримтаар нотлогдон тогтоогдсон боловч, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1-10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “гэмт хэрэг үйлдснээс хойш нэг жил” өнгөрсөн нь хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэг бүртгэлийн хэргийг хааж шийдвэрлэсэн байна. Өөрөөр хэлбэл Архангай аймгийн Иргэдийн хурлын төлөөлөгчийн дарга Б.Өсөхбаяр нь аймгийн ИТХ нь хуралдаагүй байхад хуралдсан мэтээр хуурамч тогтоол үйлдсэн, Цэнхэр сумын иргэдийн хурлын дарга Ж.Эрдэнэцогт нь сумын ИТХ-ыг хуралдаагүй байхад хуралдсан гэх хуурамч тогтоол үйлдсэн, тус аймгийн засаг дарга Ц.Мөнхнасан нь дээрх баримт бичгүүдийг хуурамч гэдгийг нь мэдсээр байж Ашигт малтмал Газрын тосны газрын Кадарстрын хэлтэс хүсэлтийг нь уламжилж, гарын үсэг зурсан нь нотлогдсоор байтал хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан учир хэрэгсэхгүй болсон байна.

 

 

Тиймээс нэр бүхий хүмүүс нь Монгол улсын төрийн албаны тухай хуулинд зааснаар Монгол улсын үндсэн хууль, бусад хуулийг хүндэтгэж, сахин биелүүлэх, өргөсөн тангарагтаа үнэнч байх, эх орон ард түмнийхээ тусын тулд иргэний ёсоор төрийн ашиг сонирхолд захирагдан өөрт олгогдсон бүрэн эрхийн хүрээнд ажиллах, Төрийн албаны болон төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, төрийн байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн байгууллага, албан хаагчийн нэр хүндийг эрхэмлэн дээдлэх гэсэн үндсэн үүргүүдийг биелүүлээгүй учир, дээрх шалтгаан нөхцөлийг арилгах арга хэмжээ авч, хариуцлага хүлээлгэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай холбогдох бусад хууль тогтоомжийг сахин биелүүлэхийг ийнхүү Нийслэлийн Прокурорын газраас мэдэгдэл гарган шаарджээ.

 

Б.Ариун


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна