Э.СОДНОМПИЛЖЭЭ ДЭЛХИЙН ДЭЭД АМЖИЛТЫГ ЭВДЖЭЭ

Админ
2019/07/25

Казахстан улсын Нур-Султан хотод болсон пара пауэрлифтингийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс Монгол Улсын гавьяат тамирчин Э.Содномпэлжээ алтан медаль хүртэж, дэлхийн дээд амжилт эвджээ. Э.Содномпэлжээ 247 кг-ийг шахсан амжилтаараа дэлхийн дээд амжилтыг гурван кг-аар ахиулсан байна.  Тухайн төрөлдөө олимпын дараа орохуйц уг тэмцээнд 77 орны 2700 гаруй тамирчин оролцсоноос Э.Содномпэлжээгийн өрсөлдсөн хэвтээ шахалтын -107 кг жинд 20 орны 22 тамирчин оролцжээ.  Эхний захиалгаар 22 тамирчнаас хамгийн хүндийг буюу 245 кг захиалсан Э.Содномпэлжээ бэлтгэл дээрээ дээд тал 250 кг-ийг байнга өргөж байгаа бөгөөд олимпоос өмнө 260 кг-ийг шахах төлөвлөгөөтэй байгаа аж.  Тэрбээр "Дэлхийн аваргад явах бэлтгэл сургуулилтын үеэр 252 кг байнга өргөж байсан. Сая тэмцээний үеэр 247 өргөж дэлхийн аварга боллоо. Тэмцээнүүд ойр ойрхон болж буй учир дунд нь 260 кг хоёр удаа өргөснөөс бусдаар 250 кг дээр тогтсон байсан. Энэ удаагийн дэлхийн аваргаар өргөж байсан жингээсээ багыг өргөсөн нь тактиктай холбоотой. 2020 оны Токиогийн олимп дээр бүх хүчээ гаргана. Энэ жилийн хувьд Монгол Улсад есдүгээр сард ААШТ болно. Мөн есдүгээр сарын 22-24-ний хооронд Испаний Мадрид хотод ахин нэг тэмцээнд оролцоно. Ирэх онд миний төлөвлөсөн хоёр тэмцээний бий. Нэг нь Английн Манчестер хотод Европын дэлхийн цомын аварга, дөрөвдүгээр сард Арабын нэгдсэн Эмират улсад мөн дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээн болно. Үүнээс хойш тэмцээнд орохгүй байж байгаад наймдугаар сард Паралимпийн тэмцээндээ оролцоно" гэлээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна