Х.Баттулгаас Ц.Нямдоржид өгсөн сануулга уу

Админ
2019/07/31

Засгийн газар нэг сайдаар туг тахих уу эсвэл цагаан захтнуудын хэргийг “цагаатгаж” байгаа хуулийн зохицуулалтдаа яаралтай өөрчлөлт хийх үү гэдэг дээр сонголт хийх цаг болсон мэт. Ерөнхийлөгч хүртэл хүлээлттэй байгаагаа ганц бичлэгээр харуулчихлаа. Учир нь АТГ-ын дарга болон дэд даргыг УИХ-д санал болгодог эрх мэдлийнхээ хүрээнд Ерөнхийлөгч тус байгууллагыг хараандаа байлгадаг гэхэд хилсдэхгүй. Өөрөөр хэлбэл АТГ-ын хийсэн алхам бүр Ерөнхийлөгчтэй яаж ийгээд холбогдчихдог. Энэ утгаараа  АТГ-ааас дэлгэсэн бичлэг Ерөнхийлөгчийн улс төрийн тоглоомны нэг хэсэг нь байх магадлал өндөр. Харин хэн бай вэ гэдэг дээр таамаг хөвөрч байх зуур сум нэгэнт Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж руу чиглэчихжээ.

 

Учир нь өнөөгийн дуулиан тариад байгаа Эрүүгийн хуулийн хөөн хэлэлцэх хугацааны талаар Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрсөн тавдугаар сард “Эрүүгийн хуулийн зөрчил хийдлийг арилгах, эрүүгийн хууль тогтоомжийг боловсронгуй болгож, сайжруулах” гэх санал дүгнэлтээ Хууль зүй, дотоод хэргийг сайд Ц.Нямдоржид хүргүүлсэн. Харамсалтай нь Ц.Нямдорж өнгөрсөн хугацаанд ямар нэг арга хэмжээ авалгүй өнөөдрийг хүрсэн. Тэр ч бүү хэл  УИХ-ын нэгдсэн чуулганы үеэр “Эрүүгийн хууль дахь хөөн хэлэлцэх хугацааг өөрчлөх хуулийн төсөл хэзээ хэлэлцэгдэх вэ,хөөн хэлэлцэх хугацааг наашлуулснаас болоод цагаан захтнуудын хэрэг хэрэгсэхгүй болох гээд хүлээж байна. ХЗДХЯ дээр яагаад энэ хуулийн төсөл удаж байна вэ” хэмээн асуусан УИХ-ын гишүүн Х.Нямбаатарыг “айхтар” гэгч нь загнаад авсан.

 

“Эрүүгийн хуулийг үндсээр нь оролдохгүй бол болохгүй байна. Энэ хууль өөрөө буруу хууль байсан. 2017 онд өөрчлөлт оруулаад, 2018 онд дахин өөрчлөлт оруулсан. Энэ эх захгүй зүйлийг та нар өөрсдөө хийсэн. Цогцоор нь засах санал оруулж ирнэ. Өөрсдөө галзуу хүн шиг юм хийчихээд, дараа нь надаас хариуцлагаа нэхэх хэрэггүй шүү. Х.Нямбаатар аа, чиний энэ тодрох гэсэн үйлдэл чинь чиний аминд ч хүрч мэднэ шүү, одоо болно” хэмээсэн мэдэгдсэн нь тус хуулийн цаана нэг биш нэлээд том ашиг сонирхол байгаа гэх хардлагыг төрүүлдэг.

 

Энэ талаар хуульчид  хүртэл “Ц.Нямдорж сайдад хуулийг дарах яг ямар учир шалтгаантайг бол мэдэхгүй. Гэхдээ ингэж дарж, тодорхой бүлэг хүний хэргийг хэрэгсэхгүй болгох ашиг сонирхол байна уу гэсэн хардалт бол байна” хэмээн дуугараад эхэлсэн байна.

 

Тиймээс АТГ-ын бичлэг Ерөнхийлөгч Х.Баттулгаас Ц.Нямдоржид өгсөн сануулга байх талтай. Учир нь “Эрдэнэт үйлдвэр”-ийн 51 хувийг барьцаалсан “Жаст”-ын Ш.Батхүү, түүнийг дагаад “МТ” Р.Ганзориг, “Алтжин”-гийн Г.Алтан нартай холбоотой албан болоод албан бус “хэрэг”-үүд, Г.Алтангийн хүү Эдуард Сүрэнд Төрийн банк 51.5 тэрбум төгрөг гаргаж өгөх үүд хаалга ч нээгдэж, 60 тэрбум, Оюутолгойн гэрээ, ЖДҮ, Хөгжлийн банк, оффшор,  АСЕМ гээд олон дуулиантай том хэргүүд хаагдах магадлал өндөр байгаа юм.

 

Ямартай ч Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж гурвын дунд хөөн хэлэлцэх асуудал орж иржээ. Тэд ямар шийдвэр гаргахаас ашиг сонирхол дээр нэгдсэн улс төрийн бүлэглэлүүдийн хувь заяа шийдэгдэнэ.

 

Б.Өрнөх


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна