Ерөнхийлөгч Х.Баттулгын зөвлөх Д.Даваа АТГ-т шалгагдаж эхэллээ

Админ
2019/08/06

Авлигатай тэмцэх газар /АТГ/ Монгол Улсын Ерөнхийлөгчийн батлан хамгаалах бодлого, аюулгүй байдлын асуудал хариуцсан зөвлөхөөр ажиллаж байгаа дэслэгч генерал Д.Давааг шалгаж эхэлсэн талаар “Өнөөдөр” сонин өнөөдрийн дугаартаа мэдээлжээ. Түүнийг Зэвсэгт хүчний жанжин штабын даргаар ажиллаж байхдаа тэтгэвэрт гарсан дэслэгч генерал Ц.Бямбажавыг эрдэм шинжилгээний ажилтнаар Зэвсэгт хүчний 311 дүгээр анги буюу Энхийг дэмжих ажиллагааны сургалтын төвийн ажиллагааны төвд ажиллуулж, сул цалин олгож байсан гэх асуудалд холбогдуулж шалгаж байгаа аж.


Дэслэгч генерал Д.Даваа 2017 оны арваннэгдүгээр сард тушаал гаргаж, түүнийг ажилд томилсон байдаг. Харин энэ оны хоёрдугаар сард ЗХЖШ-ын даргаар хошууч генерал А.Ганбатыг томилохоор болж, УИХ-ын чуулганд нэрийг нь оруулахад хэлэлцэх асуудлыг хойшлуулж байсан билээ. Тэр үед буюу энэ оны хоёрдугаар сарын 14-нд ЗХЖШ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэж байсан, хошууч генерал Р.Сүхбат тушаал гарган Ц.Бямбажавыг чөлөөлсөн бөгөөд энэ хүртэлх хугацаанд нийтдээ 12.2 сая гаруй төгрөгийн цалин сул авч байсан гэх гомдол АТГ-т ирсэн аж. Үүний дагуу ЗХЖШ-ын эрх бүхий албан тушаалтнуудыг дуудан тайлбар мэдүүлэг авч, хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгах үндэслэлтэй гэж прокурор үзээд АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхнээр нарийвчлан шалгуулж байгаа гэнэ.


Мөн дэслэгч генерал Д.Даваа тушаал гаргаж, гадаадад цэргийн сургуульд явсан нэгэн эрхмийг Зэвсэгт хүчний 311 дүгээр ангид энгийн орон тоонд томилон 30 гаруй сая төгрөгийн цалин олгож, улсын төсөвт нийтдээ 50 гаруй сая төгрөгийн хохирол учруулсан хэмээн шалгаж буй аж.

 

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна