Б.Сүхбаатар: Залуу гэр бүл гэсэн ангилалд бүртгүүлсэн иргэдээс 1,356 гаруй иргэн хасагдсан

Админ
2019/08/09

"Буянт-ухаа 2" хорооллын 972 айлын орон сууцанд хамрагдах иргэдийн сонгон шалгаруулалтын ажилтай холбогдуулан "Нийслэлийн орон сууцны корпорац"-аас мэдээлэл хийлээ. НОСК-ийн захирал Б.Сүхбаатар “Сонгон шалгаруулах комисс өчигдрөөс хуралдаж эхэлсэн бөгөөд эхний хуралдаанаар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг сонгон шалгаруулах ажил зохион байгуулагдсан. Сонгон шалгаруулалтын хуралд иргэн төрийн бус байгууллагын ямар ч төлөөлөл оролцох боломжтой.

 


Залуу гэр бүл гэсэн ангиллын түрээслээд өмчлөх хэлбэрт 4,082 хүн бүртгүүлсэн бол 58 иргэн түрээсэлж өмчлөх боломжтой. Үүнээс сонгон шалгаруулалтад оролцох боломжгүй 1,356 гаруй иргэн хасагдаж байна. Тэдгээр иргэд нь Улаанбаатарын хаягтай биш, өөрийн эзэмшилд орон сууцтай, 35-аас дээш настай, гэрлээгүй гэх мэт шалтгаанаар хасагдсан.

 

Үлдсэн иргэдийн мэдээллийг программаар шүүгээд гаргаад ирж байгаа учраас дундуур нь өөр хэн нэгэнд давуу эрх олгох боломж байхгүй. Энэ ангиллын 58 хүн шууд сонгогдчихсон. Эдгээр иргэд НДШ төлсөн баримт, хүүхдийн тоо, агаарын чанарын ямар бүсэд амьдарч байгаа талаар бүртгүүлсэн мэдээллээ баталгаажуулснаар орон сууцандаа орно. Баталж чадахгүй бол 59, 60 дугаарт эрэмбэлэгдсэн иргэд дээш ороод явна.

 


Сонгон шалгаруулалтын явцад хэн нэгэнд давуу эрх олгох ямар ч боломж байхгүй. Гадуур иргэдээс мөнгө залилсан талаар мэдээлэл гарч байна. Тиймээс иргэд минь мөнгө төгрөгөө залилуулсан бол цагдаагийн байгууллагад яаралтай хандаарай.

 

 

НОСК-аас сонгон шалгаруулалтыг шударга явуулахыг зорьж байгаа. Тал бүрээс таньдаг мэддэг хүмүүс маань бидэн рүү хандан залгаж, зурвас бичиж байгаа ч бид шударга ажиллаж байгаа. Комисс өнөөдөр үргэлжлүүлэн хуралдаж, ангилал тус бүрийн сонгон шалгаруулалтыг зохион байгуулж дуусгахаар төлөвлөж байна" гэх мэдээллийг өглөө.

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна