Б.Хурц нарын шүүх хуралд Ц.Нямдорж, Ж.Батзандан, Л.Болд нарыг оруулахаас татгалзлаа

Админ
2019/08/12

 

Б.Хурц нарын есөн хүнд холбогдох  шүүх хурал  Төв аймгийн шүүхэд 09.00 цагт товлогдсон. Төр, нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргээр ял авсан Т.Чимгээ Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн, гүйцэтгэсэн ажлын журам зөрчсөн хэргээр буруутгагдаж байгаа тэднийг өнгөрсөн долдугаар сарын 23-нд Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн анхан шатны шүүхэд шүүсэн ч О.Бямбажавын итгэмжлэлээр өмгөөлөгч Ц.Хүрэлбаатар шүүх бүрэлдэхүүнээс татгалзсанаар шүүх хурал өнөөдрийг хүртэл хойшилсон. Шүүх хуралдаан 09.00 цагт товлогдсон бөгөөд цаг гаруйн дараа эхэллээ.

 

Шүүх хурлын эхэнд УИХ-ын түр хорооны гишүүдийг хаалттай хуралдаанд ажиглагчаар оролцуулах эсэхийг шийдвэрлэлээ. Тэдний зүгээс хаалттай шүүх хуралдаанд хөндлөнгийн хяналт тавихын тулд шүүх хуралдаанд оролцох хүсэлтэй байгаагаа УИХ-ын гишүүн Ж.Батзандан Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж тэргүүтэй түр хорооны гишүүд хүссэн ч шүүх бүрэлдэхүүн тэдний хүсэлтийг хүлээж авсангүй. Одоо шүүх хурал үргэлжилж байна. 

 


С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийн талаар Олон Улсын парламентын холбооноос гаргасан дүгнэлтийг дагуу байгуулагдсан УИХ-ын түр хороо өнгөрсөн Баасан гаригт тус шүүх хуралдаанд оролцох хүсэлтээ өгсөн юм. Тус хорооны даргаар Ж.Батзандан ажиллаж байгаа бөгөөд бүрэлдэхүүнд Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, УИХ-ын гишүүн Х.Нямбаатар, Я.Санжмятав, Л.Болд, А.Сүхбат,  Ө.Энхтүвшин нар багтдаг билээ. 

 

"Товч" мэдээллийн агентлаг газар дээрээс нь шууд мэдээлж байна.

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна