Үндэсний бөхийн салбар хороо: Хоёр бөхөөс допингийн төрлийн бодис илэрсэн

Админ
2019/08/12

Өнгөрсөн долоо хоногт Баяр наадмаар тав буюу түүнээс дээш давсан 16 бөхөөс авсан допингийн шинжилгээний дүн гарсан. Шинжилгээний дүнг  Баяр наадмыг зохион байгуулах хороонд хүргүүлсэн.  Үндэсний их баяр наадмын хуулийн дагуу зохион байгуулах хороо зарлана” хэмээн мэдэгдсэн. Тус мэдээллийн дараагаас хэд хэдэн бөхчүүдээс сэргээшийн төрлийн бодис илэрсэн талаарх мэдээлэл цацагдаж, зарим нэг бөхчүүдийг нэрлэсэн. Тэгвэл   Үндэсний бөхийн салбар хорооноос албан ёсны мэдээлэл хийлээ. 

 


Үндэсний бөхийн салбар хорооны дарга Г.Билгүүн “Энэ жилийн баяр наадмаар тав буюу түүнээс дээш давсан 16 бөхөөс допингийн шинжилгээ авсан. Допингийн үндэсний төвөөс шинжилгээг Солонгос улс руу явуулдаг. Шинжилгээний хариуг Үндэсний бөхийн салбар хороонд наймдугаар сарын 7-нд ирүүлсэн. 16 бөх хамрагдсанаас хоёр бөхөд допингийн төрлийн бодис илэрсэн.  Нэгээс нь дөрөв, нөгөөгөөс нь нэг төрлийн бодис илэрсэн. Зүгээр гарсан бөхчүүдэд утсаар мэдэгдсэн. 

 


Харин допинг илэрсэн хоёр бөхөд утсаар мэдэгдэх гэсэн боловч утас нь холбогдоогүй учир мэссэж бичсэн. Хоёр бөхийн нэг нь наймдугаар сарын 9-нд, нөгөө нь 10-нд ирж шинжилгээний хариутай танилцсан. Хуулийн дагуу шинжилгээний хариутай танилцсанаас хойш 10 хоногийн дотор Б сорьцын шинжилгээнд хамрагдах хүсэлтээ гаргадаг. Одоогоор Б сорьцын шинжилгээнд хамрагдах хүсэлтээ гаргаагүй байна. 

 


Одоогоор тэдгээр бөхчүүдийн нэрийг зарлах боломжгүй. Энэ бол хувь хүний нууц. Хуульд Б сорьцын шинжилгээ өгсөн бол хариуг нь иртэл допинг хэрэглэсэн гэх бөхчүүдийн нэрийг зарлахыг хуулиар хориглодог" гэлээ. 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна