Б.Хурцын өмгөөлөгч Г.Батбаяр: Үүн шиг худлаа зүйл, хэлмэгдүүлэлт байхгүй

Админ
2019/08/12

ТЕГ-ын дарга асан, генерал Б.Хурц нарын 9 хүнд холбогдох шүүх хурал үргэлжилж байна.  Хурал Төв аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж буй. Хуралдаанаар ТЕГ-ын дарга асан, генерал Б.Хурц, Улсын Ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбат, О.Бархасбадь, Ж.Мөнхгал, С.Баяр, С.Эрдэнэбат, Ү.Отгонбаяр, О.Бямбажав, Э.Өлзийбаяр нарын 9 хүнийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 133.1, 251.1-т заасан зүйл ангиар буруутган шүүж байгаа юм.  Тэднийг С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгт яллагдсан Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүж ял тулгасан хэмээн буруутгаж байгаа билээ. Ингээд Б.Хурцын өмгөөлөгч Г.Батбаяраас дараах зүйлээр тодрууллаа. 

 


 УИХ-ын Түр хорооныхон удаа дараа хууль зөрчсөн


-    Олон нийтийн зүгээс энэ хэргийг өнөөдөртөө багтаагаад шийдээсэй гэсэн хүлээлттэй байна. Энэ талаар таны байр суурь?


-    Шүүх хуралдаан хэвийн үргэлжилж байна. Шүүх хурал шүүгчээс татгалзах гэсэн ганцхан шалтгаанаар хойшилдог. Өнөөдөр тийм хүсэлт гарсангүй. Тэгэхээр  өнөөдөртөө багтаад шүүх шийдвэрээ гаргачих болов уу. Олон нийтийн анхаарал татаж байгаа зүйл бол УИХ-ын Түр хорооны санал. Шүүх бүрэлдэхүүн гишүүдийн саналыг хүлээж аваагүй. Өнгөрсөн баасан гарагт УИХ-ын түр хорооны гишүүд мэдээлэл хийж, саналаа шүүхэд хүргүүлсэн. Шүүх тэр даруйд нь татгалзсан хариу өгсөн. Учир нь энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 34.4.3 дахь хэсэгт зааснаар шүүгч өөрөө хаалттай шүүх хуралдаанд хэнийг оролцуулах, хэнийг байцуулах эсэхээ шийддэг.  Энэ хуулийн хүрээнд шүүх шийдвэрээ гаргасан. Гэтэл УИХ-ын гишүүд өнөөдөр дахин, зориуд хүсэлтээ ирүүллээ. Энэ нь УИХ-ын тухай хуулийн 37.1.3-т албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад нөлөөлөхийг оролдох,  мөн тухайн хуулийн 37.1.7, 3.1.8 дахь хэсэгт заасан өөр байгууллагын үйл ажиллагаанд хөндлөгөөс оролцохыг хориглоно гэсэн заалтуудыг шууд зөрчлөө. Шийтгэх тогтоол гарч, хүний гэм буруутайг эцэслэн шийдээгүй байхад гэм буруутай мэтээр зарлаж, бусдыг доромжилж, гүтгэж байгаа нь УИХ-ын тухай хуулийн  37.1.11-т заасан байнгын хуралдаанаас бусад тохиолдолд хүнийг гүтгэж, доромжлохыг хориглоно гэсэн заалтыг бас зөрчиж байна. 

 


Энэ бол С.Зоригийн хэргийг эзэнгүй болгох, замхруулах, ял завшуулах гэсэн оролдлого


-    Та шүүх хуралд ямар байр суурьтайгаар оролцож байгаа вэ. Өмнө нь манай үйлчлүүлэгч цагаадах ёстой гэсэн байр суурь илэрхийлж байсан?


-    Өмгөөлөгчийн байр сууринаас хэлэхэд миний үйлчлүүлэгч гэм буруугүй. С.Зоригийн хэргийн захиалагчийг олж илрүүлэх, хэрэг мөрдөн шалгалтын ажиллагаа дуусч, шүүх рүү шилжих гэж байхад эрүүдэн шүүх гэдэг зүйлийг гаргаж ирсэн. Энд ганцхан зүйлийг ойлгох хэрэгтэй. Эрүүдэн шүүх гэдэг үг хэллэг маань Эрүүгийн хуулийн 251 буюу одоогийн Эрүүгийн хуулийн 21.12-оор шийдэгддэг. Энэ нь эрүүдэн шүүх гэдгийг хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч гэсэн тусгай сүбьектүүд хэрэгжүүлдэг. Гэтэл энэ нөхцөлд хүнийг эрүүдэн шүүх буюу зодож, тамлаж байгаа хүмүүс нь хоригдолууд. Тухайн хоригдолууд энэ үйлдэлдээ ял шийтгэл хүлээж, хүний эрүүл мэндэд хохирол учруулсан юмуу, Сэжигтэн яллагдагчийг баривчлах, цагдан хорих тухай хуулиа зөрчөөд хүний биед гэмтэл учруулаагүй зодсон байх юм бол сахилгын арга хэмжээ авагдана. Өөрөөр хэлбэл дээр дурдсан зүйлчлэлээр бусад хүмүүсийн үйлдсэн үйлдэлийг шалгах ёстой байтал манай үйлчлүүлэгчдийг үйлдсэн хэмээн оруулж ирээд байгаа нь өөрөө зориуд яллах, эсвэл захиалагчдын зүгээс  хийгдэж байгаа С.Зоригийн хэргийг эзэнгүй болгох, замхруулах, ял завшуулах гэсэн оролдлого гэж ойлгож байна. 

 


Монголын Тагнуулын байгууллагыг устгах гэж байгаа нэг арга хэлбэр


-    Б.Хурцын хэрэг дээр ард түмэн ганцхан зүйл дээр анхаарах хэрэгтэй. Энд тагнуулын туршин шалгах үйл ажиллагаа явагдсан байна. Гүйцэтгэх ажиллагааны тухай хуулийн 6.2-т заасан. Тагнуулын байгууллагад хуулиар харьяалуулсан, эрүүгийн гэмт хэргийг илрүүлэх ажиллагаа байсан. Тэрнээс байцаан шийтгэх үйл ажиллагаа явагдаагүй. Эрүүдэн шүүнэ гэдэг чинь мөрдөн байцаах ажиллагаанд илэрдэг зүйл шүү дээ. Хоригдлууд бие биенээ зодсон үйл ажиллагааг эрүүдэн шүүх гэж тайлбарлаж болохгүй. Хоригдол М.Амгаланбаатарын мэдүүлгийг шалгах ажиллагаа явагдаж байснаас та нар ороод зодоодох гээгүй л байхгүй юу. Тухайн үед өөрийнхөө өгсөн мэдүүлгийг нотлохын тулд илрэн гарч байгаа ганц нэг өшиглөлт, ганц хоёр цохилтыг Б.Хурц нарыг захиалга өгсөн гэж тайлбарлаж байгаа бол үүн шиг худлаа зүйл байхгүй. Үүн шиг хэлмэгдүүлэлт байхгүй. Гадаадын улс орнуудын зүгээс хийгдэж байгаа Монголын тагнуулын байгууллагын хүчийг сулруулах ажиллагаанд автаад өөрсдийнхөө тагнуулын байгууллага болон түүний шилдэг ажилтнуудаа нэг ялтны үгээр буруутгаж байгаа нь хувьдаа маш буруу гэж бодож байна. Улс орны тусгаар тогтнол Үндэсний аюулгүй байдалд заналхийлж байгаа үйлдэл гэж харж байна. Монголын Тагнуулын байгууллагыг устгах гэж байгаа нэг арга хэлбэр.

 


Хууль зүйн сайд Ц.Нямдорж С. Зоригийн хэргийг ил болгох дургүй


-    Өнөөдөр шүүх хуралдааны гадаа хүмүүс хоёр, гурван хэсэг болон жагслаа. Тэдгээр хүмүүс бүгд л шүүх хуралдааныг нээлттэй явуулаач гэдэг асуудлыг ярьж байна. Тэгэхээр шүүх хуралдааныг нээлттэй явуулах эрхзүйн орчин байна уу?


-    Төрийн албаны нууцын тухай хуулийн 19.1-т төрийн нууцыг ил болгох тухай зохицуулалт бий.  19.1.1-т хугацаа дууссан бол ил болгож болох тухай заалт бий. 19.1.2-т нөхцөл байдал өөрчлөгдсөний улмаас Тагнуулын Ерөнхий газрын саналыг үндэслэн Засгийн газар шийдвэр гаргана гэж заасан бол 19.1.3-т үндэслэлгүйгээр хэргийг нууцалсан тухай байдаг. Гэтэл Засгийн газрын 15 дугаар тогтоолоор нэгэнт ил болчихсон хэргийг дахиад нууцлаад байна. Тиймээс энэ хэргийг шүүх өөрөө ил болгож болно. Гэтэл Хууль зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдорж маш нууц хэргийн дор С.Зоригийн хэрэгт хүмүүсийг эрүүдэн шүүсэн байна гэж яриад байгаа хэрнээ хэргийг ил болгох дургүй байна. 

 

 

Ц.Нямдорж өөрөө үүрэг даалгавар өгч Дамирангийн Энхбатыг авчируулсан 

 

-    ТЕГ-ын дарга асан Б.Хурцыг мөн Д.Энхбатыг хөнөөсөн хэмээн буруутгадаг?


-    Энэ хэргийн үйл явдлыг эргэн санах хэрэгтэй. 2004 онд Хууль зүйн яамны сайд нь Ц.Нямдорж өөрөө л байсан шүү дээ. Ц.Нямдорж өөрөө үүрэг даалгавар өгөөд Д.Энхбатыг авчируулсан. Өөрийнх нь харьяанд байдаг ШШГЕГ-т байж байхдаа шүүх хуралдаа ч оролцож чадалгүй нас барсан.  Эрүүл мэндийн шаардлага хангахгүй хуучин “Ганц”-д хорьж байгаад агаар дутмагшилийн улмаас нас барсан гэсэн дүгнэлт гарсан шүү дээ. Үүнийг мэдсээр байж Б.Хурцыг алсан мэтээр ярьдаг. Үүнийг яагаад шалгадаггүй вэ гэвэл Ц.Нямдорж нар буруудчихгээд байдаг байхгүй юу. 

 


Энэ бүхний цаана өмгөөлөх эрхийг нь татгалзуулъя гэдэг санаа цухалздаг


-    Өмгөөлөгчийг ажлаа хийснийх нь төлөө нэр төрд нь халдах явдал сүүлийн үед гарч байна. Тухайлбал таны талаарх сөрөг мэдээлэл нэлээд цацагдаж байна. Энэ талаар?


-    Өмгөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 40.1-т энэ талаар тодорхой заасан байдаг. Хуульчдын холбоо намайг өмгөөлөх үүрэгтэй. Өмгөөлөгчийг үйл ажиллагаа явуулж байгаатайн нь холбогдуулан тагнах, чагнах, мөрдөж, гүтгэж доромжлохыг хориглодог. Гэтэл олон янзын мэдээлэл явж байна.  Энэ бүхний ард өмгөөлөх эрхийг нь татгалзуулъя гэдэг санаа цухалзаад байгаа юм. Өөрт ашигтай байдал үүсгэх, захиалагч нарын зүгээс хийгдэж байгаа үйл ажиллагаа болов уу. Ер нь Б.Хурцыг хэргийг авсанаас хойш энэ үйл ажиллагаа нэлээд идэвхжсэн.

 


-    Б.Хурцаас гадна хэдэн хүнийг өмгөөлж байна вэ?


-    Энэ бол маш нууцын зэрэглэлтэй хэрэг учир тодорхой зүйл хэлж болохгүй. Учир нь би хавтаст хэргийг нууцлах үүрэгтэй. Тиймээс хавтаст хэрэгт байгаа зүйлийг ярих нь хууль бус зүйл. 
 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна