Л.Чинбатаас Б.Бат-Эрдэнэ рүү шидсэн “чулуу” буюу Э.Оюунболдын допинг

Админ
2019/08/13

Үндэсний бөхийн холбоо ямагт бөхчүүдийнхээ эрх ашгийг хамгаалах  үүрэгтэй. Өгч буй татвар, үйл ажиллагаа нь ч тэр чигт чиглэдэг. Батлагдаж, нотлогдоогүй мэдээллийг түгээж, нэг биш нэлээд хэдэн бөхчүүдийнхээ нэр нүүрийг нь барж, хуулиар олгогдсон эрхэнд нь халдах эрх аль алинд нь байх ёсгүй. Гэтэл Л.Чинбат тэргүүтэй Монголын Үндсэний бөхийн холбоо өнөөдөр Үндэсний их баяр наадам зохион байгуулах хороонд шаардлага хүргүүлэх нэрийдлээр сэргээш хэрэглэсэн хоёр бөхийн нэг нь Улсын аварга Э.Оюунболд хэмээн зарлачихав. Түүнийг ард түмнээс уучлалт гуйж,  түрүү бөхийн бай шагналуудаа хураалга хэмээн шаардаад барилдах эрхийг нь хоёр жилээр хасахыг уриалав.

 

Уг нь олон улсад тухайн тамирчны сэргээш хэрэглэсэн талаарх мэдээллийг Б сорьцны хариу гарсаны дараа буюу шинжилгээний хариуг баталсаны дараа зарладаг. Үндэсний бөхийн салбар хорооноос өчигдөр мэдээлэл хийхдээ ч энэ талаар маш тодорхой хэлсэн.  “Хуулийн дагуу шинжилгээний хариутай танилцсанаас хойш 10 хоногийн дотор Б сорьцын шинжилгээнд хамрагдах хүсэлтээ гаргадаг. Хоёр бөхийн нэг нь наймдугаар сарын 9-нд, нөгөө нь 10-нд ирж шинжилгээний хариутай танилцсан. Одоогоор Б сорьцын шинжилгээнд хамрагдах хүсэлтээ гаргаагүй байна.  Хуульд Б сорьцын шинжилгээ өгсөн бол хариуг нь иртэл допинг хэрэглэсэн гэх бөхчүүдийн нэрийг зарлахыг хуулиар хориглодог” хэмээн мэдэгдсэн.  Тэгэхээр Л.Чинбат, Ү.Хүрэлбаатар нарын ахладаг ҮБХ юуны учир бөхийнхөө эрхэнд халдахаар яарав. Хүндэтгэлгүй хандсаны цаана нь ямар санаархал байна вэ, энэ үнэхээр сэргээшгүй спортын төлөөх тэмцэл мөн үү гэдэг сонирхолтой асуулт хариултаа нэхэж байна.

 

Манай үндэсний бөхийн холбоо хоёр толгойтой болсоноос хойш бие биенийхээ хийсэн ажлыг үгүйсгэсээр, ард түмнийг талцуулаад өдийг хүрсэн. Сая наадмын өмнө хэдэн бөхчүүдийн барилдах эрх дээр бас л сөргөлдсөн.

 

Үйл явдлыг эргэн сануулбал Монгол бөхийн өргөөнд өнгөрсөн зургаадугаар сард Улсын арслан Ш.Ванчинхүү агсны нэрэмжит наадмын сорилго барилдаан болсон билээ. Барилдаан 14:00 цагт эхлэх байсан ч Монголын Үндэсний бөхийн холбооны шийдвэрээс болоод нэг цагаар хойшилсон. Учир нь Үндэсний бөхийн холбооноос допинг хэрэглэж, барилдах эрхээ хасуулсан бөхчүүдийн эрхийг сэргээсэн нь бусад бөхчүүдийн  эсэргүүцэлтэй тулсан юм.

 

Үүний дараа Монголын үндэсний бөхийн холбооны дэд тэргүүн Ц.Магалжав хэвлэлийн бага хурал хийж, энэ бантанг Ү.Хүрэлбаатар “зуурсан” болохыг мэдэгдсэн.

 

Тодруулбал 2017 онд БСШУСЯ, Биеийн тамир, спортын газар, Допингийн эсрэг үндэсний төв хамтран “Допингийн эсрэг үндэсний хяналт-1” төсөл хэрэгжүүлж, 43 үндэсний бөхөөс шинжилгээ авсан. Гэвч долоон бөх шинжилгээнд бүдэрч, барилдах эрхээ хасуулсан. Эдгээр бөхчүүд уг шийдвэрийг үл зөвшөөрч Баянзүрх дүүргийн шүүхэд хандаж, улмаар шүүх хуралд зохиолч Ү.Хүрэлбаатар оролцож, бөхчүүдтэй эвлэрлийн гэрээ байгуулж, сэргээш илэрсэн бөхчүүдийг барилдуулах шийдвэр гаргуулсан байдаг.

 

Тэгэхээр Л.Чинбат, Ү.Хүрэлбаатар нарын тэргүүлдэг ҮБХ-ныхон сэргээшийн асуудалд өнгө, үзэмжээр хандаж байна уу гэж хардахад хүргэж байна. Өөрт наалддаг сэргээш хэрэглэсэн бөхчүүдийнхээ эрхийг шүүхээр сэргээдэг, наалдаггүй бөхчүүдийнхээ асуудлыг хууль бусаар ч хамаагүй зарлаж болж байна уу ч гэж асуумаар...

 

Болж буй үйл явцыг “тариаланч” Л.Чинбатаас “аварга” Б.Бат-Эрдэнэ рүү шидсэн “чулуу” гэж тайлж болохоор. Учир нь Э.Оюунболдыг түрүүлэхэд хамгийн ихээр баярласан хүн бол Б.Бат-Эрдэнэ. Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумаас 16 жилийн дараа наадмын түрүү бөх тодорлоо гэж бахдаж байсан хүн нь тэр. Өрсөлдөгч холбооны тэргүүний нутгаас наадмын түрүү бөх тодорсон нь зарим хүмүүсийн эгдүүцлийг төрүүлсэн нь лавтай. Харин Л.Чинбат энэ эгдүүцэлээ барьж дийлсэнгүй юу, ямартай ч Э.Оюунболдоор ийнхүү туг тахичихлаа.

 

Б.Өрнөх


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна