280 сая төгрөгөөр цай ууж, хоол иддэг Д.Жигжиднямаагийн хэрээс хэтэрсэн тансаглалыг хэзээ  зогсоох вэ Ерөнхий сайдаа  

Админ
20 цаг 34 минутын өмнө


Монголын ажиллах хүчний бараг тэн хагас нь 700-800 мянган төгрөгийн цалинтай. Сардаа татвараа төлөөд байрны лизинг, утас, унааны мөнгө, хоол хүнсээ аваад, ганц удаа үсээ засуулах ч мөнгөгүй үлдэж байгаа ажилтан, албан хаагчид хэдэн мянгаараа бий. УБТЗ ХХН-ийн ихэнх ажилчид мөн л энэ дайны цалинтай. Бусад салбарын ажиллагсад шиг амьдралаа чүү ай залгуулж яваа. Гэвч УБТЗ ХХН-ийн дарга Д.Жигжиднямаа жилд 280 сая, сард 1,1-1,2 сая төгрөгөөр зөвхөн цай, кофе ууж, хоол иддэг гэвэл итгэх үү... Ерөнхий сайдын хэлсэнчлэн “Яасан ханаж цаддаггүй их шунал вэ” гэж дуу алдмаар байгаа биз... 

 


Улаанбаатар төмөр зам ХХН гэх Вант улс “тусгаар тогтнолоо” зарлачихаад байгаа тухай мэдээлэл чих дэлссээр удаж байна. Хоёр, гуравхан хүн амиа алдсан хэмээн хээв нэг мэдэгддэг тэд зөрчлийг нь шалгах гэж очсон Мэргэжлийн хяналтынхныг үүднээсээ буцаадаг,  санхүүгийн тайлангаа нуудаг, осол гэмтэлээ дардаг, ажилчид руугаа бухдаг гээд сүүлийн жилүүдэд хэл ам ер тасарсангүй. Ялангуяа нийгэмлэгийн дарга Б.Жигжиднямаагийн жигтэй үйлдэлүүдийн талаар олон баримт дэлгэгдсэн. Авлига, албан тушаалын наймаа, хууль бус томилгоо, 100 вагоны шахаанаас эхлээд нэлээд том дүнтэй мөнгөний хэргүүд АТГ-т хаяглагдсан ч өнөө хэр “сураггүй”. Сануулбал, 2017 оны хоёрдугаар сард зам засварын машин худалдаж авсан байдаг. Тэрбээр үүнийг худалдаж авахдаа Английн компаниар зуучлагч хийлгэн, машиныг хоёр дахин өндөр өртгөөр  авсан талаарх баримт дэлгэгдсэн. 


Тухайн машин нь 60 сая рублийн үнэтэй буюу сая доллар хүрэхгүй гэдгийг үйлдвэрлэгч компани нь мэдэгдсэн. Гэтэл Английн компаниар дамжуулан нэг сая 770 мянган ам.доллараар энэ машиныг худалдан авсан тухай мэдээлэл байдаг. Үүнээс Д.Жигжиднямаа 770 мянган ам.доллар буюу тэрбум гаруй төгрөгийг зувчуулсан байж болзошгүй хэмээн АТГ-т шалгагдаж байгаа ч өнөө хэр нь шийдэгдээгүй байна. 


Түүнчлэн "Улаанбаатар төмөр зам" ХНН-ийн удирдлагууд авлигын гэмт хэрэг үйлдсэн гэж МТЗ-ын нэгдсэн холбооны удирдах зөвлөлийн гишүүдийн “Б.Жигжиднямаа төмөр замыг өргөж, засварладаг ВПРС гэх машиныг ОХУ-аас худалдаж авахдаа оффшор компаниараа дамжуулж мөнгө угаасан” гэх мэдээлэл анхаарал татсан. Гэвч дээрх хэргийг хууль хяналтынхан шалгаж эхэлсэн нь мөн л тодорхойгүй байгаа юм. 


Энэ мэтчилэн Б.Жигжиднямаа өөрийн жигтэй үйлдэлүүдээ ид шидийн гэмээр аргаар замхруулчихдаг. Харин энэ удаа 280 сая төгрөгөөр цай, кофе ууж, хоол идэж, бэлэг сэлт авсан асуудлаа хэрхэн зохицуулах нь сонирхолтой байна. 280 сая төгрөг бол 400 ажилчдын нэг сарын цалин. Бүхэл бүтэн мянга гаруй айл өрхийн амьжиргааны зардлаар тансагладаг дарга хэр олон байдаг бол...


Учрыг тайлъя. “Улаанбаатар төмөр зам" ХНН-т өнгөрсөн зургадугаар сард дотоод аудитын шалгалт оржээ. Шалгалтад төмөр замын харъяа 60 гаруй аж ахуй нэгж хамрагдсанаас нөгөөх үзүүлэхгүй, харуулахгүй гэж тас нуудаг Удирдах газрын санхүүгийн тайланг нь түлхүү шалгасан байна. Хэд хэдэн ноцтой зөрчил илэрчээ. Тэдгээрээс хачирхалтай нэгэн зөрчил илэрсэн нь Б.Жигжиднямаагийн нэр дээр байдаг “Алтан карт”-ны зарлага. Тус байгууллагын дарга нарт гадна, дотны зочид ирэхэд цай, кофе, үдийн хоол, бэлэг сэлт авахад нь зориулж байгууллагаас алтан карт өгдөг аж. Хэрэв саяас дээш дүнгээр зарлага хийх бол Удирдах газрынхаа санхүүтэй гэрээ хийж, гар хөлийнхөө үсгийн зурж байж, зөвшөөрүүлдэг гэнэ. УБТЗ-д өдөр бүр гаднаас зочид ирдэггүй нь ойлгомжтой. Тэгэхээр Б.Жигжиднямаа өөрийнхөө гаргасан тушаалыг өөрөө зөрчиж, 280 сая гаруй төгрөгийн зарлага гаргачихсан байгаа нь энэ байгууллагын тансаглал хэрээс хэтэрсэнийг илтгэх мэт. 


Уг нь Б.Жигжиднямааг Контрактын цалин бусад нэмэгдэлээс гадна сарын 10 мянган евро буюу өнөөгийн ханшаар 30 орчим сая төгрөгийн цалинтай гэдэг юм билээ. Хөрөнгө орлогын мэдүүлэг дээрээ жилийн 390 гаруй сая төгрөгийн орлоготой гэдгээ бичсэн байсан. Өөрөөр хэлбэл байгууллагынхаа картнаас мөнгө авах хэмжээний орлогогүй нэгэн биш. Тэгэхээр энэ карт хэний гараар зурагдаж, хэнд үйлчлээд байна вэ гэдэг сонирхол татна.


Өмнөх дарга Л.Пүрэвбаатар энэхүү алтан картаараа нэгэн их дэлгүүрээс чамгүй хэмжээний үнэтэй пальто, хувцас авсаныг ажилчид нь мэдээд багагүй хэл ам таталж байсан. Б.Жигжиднямаа нэгэн цагт Л.Пүрэвбаатарын идэж уусныг гайхаж, энэ байгууллагыг шударга хүн удирдах ёстой хэмээн “тунхаглаж”, даргын суудалд суусныг хэн хүнгүй л санаж байгаа байх.  Хэрээ хэрээнийхээ харыг гайхсан энэ үйлдлийг хэн, хэзээ зогсоох вэ. 


Харамсалтай нь, таслан зогсоох хүн УБТЗ ХНН-т нэг ч байдаггүй бололтой. Учир нь алтан картныхаа ашигийг Б.Жигжиднямаа шиг хүртэж яваа “жижиг” дарга нар ч байна. Тус нийгэмлэгийн Ерөнхий хорооны нарийн бичгийн даргын нэр дээр байдаг карт 51 сая төгрөгийн зарлага мөн хийжээ. Нэг байтугай нэлээд хэдэн байр, нэжгээд хүний нийгмийн асуудлыг шийдчих хэмжээний мөнгөөр цай, кофе уух нь хэр шударга вэ.


Энд нэг зүйлийг тодотгож хэлэхэд, дарга нарын цай кофены мөнгө бол УБТЗ ХНН-ийн тансаглалын зөвхөн ил болсон нэг хэсэг. Нүднээс далд хэчнээн хөрөнгө даргын халаасыг зузаатгаж, даамлын гараар үрэгдэж байгааг хэлэхэд бэрх. УБТЗ бол хоёр улсын өмч. Хэн нэгний хувийн байгууллага биш. Хоёрын хооронд гурвын дунд гэгчээр аль аль талаасаа хяналт сул тавьсанаар энэ мэт оодролтуудыг газар авахуулсан нь үнэн. 


Сүүлийн үед төмөр замтай холбоотой ослууд ихээр гарах болсон. Заримыг нь төмөр замын удирдлагууд нуудаг гэдгийг хохирогчдын ар гэрийнхэн мэдэгдсээр байгаа. Түүнчлэн үйлчилгээ гэж “нойл” заасныг цахим дахь зурагнууд баталдаг. Бүхэл бүтэн 70 жилийн түүхтэй, орлого нь зарлагаасаа давдаг улсын томоохон байгууллага аль 20-30  жилийн өмнөх суултууртайгаа байгаа талаар иргэд шүүмжилсээр буй.    


Осол аваар нь хэрээс хэтэрсэн шиг дарга нарынх тансаглал ч хэтэрч буй энэ үйлдэлд цэг тавиач Ерөнхий сайдаа...
   

 

Б.Ариунаа


 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна