79 дүгээр сургуульд үдийн цай нийлүүлж буй “ИНЖ-АНУ” ХХК-ийн гэрээг цуцлах саналыг хүргүүлжээ

Админ
2019/10/09

Ерөнхий боловсролын 79 дүгээр сургуулийн сурагчдын үдийн цайг нийлүүлж буй Инж-Ану ХХК, хичээлийн 1 дүгээр байранд үйл ажиллагаа явуулж буй иргэн Н.О цайны газарт БЗД дэх мэргэжлийн хяналтын хэлтсээс хяналт шалгалтыг өнгөрөгч 9 сард явуулжээ. Шалгалтаар Инж-Ану ХХК нь зориулалтын бус байрыг өөрчлөн засварлаж гал тогооны зориулалтаар ашигласан, хоол үйлдвэрлэлийн технологийн шат дамжлагыг буруу зохион байгуулсан, үйл ажиллагаандаа эрүүл ахуйн зохистой дадал хэвшүүлээгүй, хоол үйлдвэрлэлийн байрны ариутгал цэвэрлэгээ хангалтгүй, түүхий эд хүнсний бүтээгдэхүүнийг хүлээж авах, шалгах, ангилан ялгалт хийх эрүүл ахуйн шаардлага хангасан зориулалтын цэггүй, дотоодын хяналт шалгалтыг хангалтгүй зохион байгуулсан зэрэг зөрчил илэрсэн.


Xичээлийн 1 дүгээр байранд үйл ажиллагаа явуулж буй иргэн Э.О-ий ажиллуулж буй цайны газар нь үйл ажиллагаа эрхлэхдээ Мэргэжлийн хяналтын байгууллагаар хяналт хийлгэж, бүртгүүлээгүй, гал тогооны хана таазны будаг ховхорч, ан цав үүссэн, ердийн болон механик агааржуулалтын төхөөрөмжийн хүчин чадал хангалтгүй, бохир ус зайлуулах, ариутгах татуургын хэсгийн шугам сүлжээнд холбогдсон, эрүүл ахуй, ариун цэврийн шаардлага хангаагүй ажлын байранд хоол үйлдвэрлэл явуулсан, аяга таваг хадгалах, хатааж, ариутгах төхөөрөмжгүй, дотоод хяналт шалгалтыг хангалтгүй зохион байгуулсан зэрэг зөрчлүүд илэрч байсан.


Зөрчлийг үндэслэн НМХГ-аас иргэн Э.О-тэй байгуулсан гэрээг цуцалж, цайны газрын үйл ажиллагааг зогсоох, стандартын шаардлага хангасан хоолны газар ажиллуулах талаар тус сургуулийн захиралд албан бичиг хүргүүлсэн. Мөн 2019 оны 09 сарын 27-ны өдөр Нийслэлийн Өмчийн Ашиглалт Удирдлагын газарт 79 дүгээр сургуулийн сурагчдын үдийн цайг нийлүүлж буй Инж-Ану ХХК-ийн түрээсийн гэрээг дүгнэн үзэж, үйл ажиллагааг цуцлах саналыг хүргүүлжээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна