С.Амарсайхан: 11 сарын нэгнээс айл өрхүүдэд угаарын хий мэдрэгч төхөөрөмж суурилуулахаар боллоо

Админ
2019/10/09

Засгийн газрын хуралдаанаар угаарын хий мэдрэгч төхөөрөмж үнэгүй суурилуулахаар болжээ. Энэ талаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайханаас тодрууллаа. 

 


-Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар гэр хорооллын айл өрхөд угаарын хий мэдрэгч суурилуулах асуудлыг оруулж, хэлэлцүүлнэ гэж байсан. Ямар шийдвэр гарсан бэ?


-Угаарын хий мэдрэгч төхөөрөмжийг айл өрхүүдэд тарааж өгөх суурилуулах асуудлыг Засгийн газрын хуралдаанд оруулж шийдвэрлүүллээ. Ямар ч байсан сайжруулсан түлшний хэрэглээг жигдрүүлэх, хэвшүүлэх, агаарын бохирдлын улмаас олноороо амь нас, эрүүл мэндээрээ хохирохгүй байх асуудлыг дундаас нь зогсоохгүй байх нь чухал.  Тиймээс хот энэ талын бүх арга хэмжээг авч ажиллах ёстой. Энэ үүднээс арваннэгдүгээр сарын 1-нээс өмнө айл өрхүүдэд угаарын хий мэдрэгч, бага оврын төхөөрөмж суурилуулахаар болж байна.

 


-Төсөв хөрөнгийг нь хаанаас гарах вэ?


-Нийслэлд 200 гаруй мянган айл өрх бий. Эдгээр айл өрхийн судалгааг нарийвчилж гаргана. Халаалтаар дулаанаа шийдвэрлэдэг, төвийн шугамд холбогдсон айлуудын цөөнгүй бий. Тиймээс энэ талын судалгааг сайтар нягталж гаргана. Мөн аль төхөөрөмж нь илүү тохиромжтойг мэргэжлийн байгууллага судалж байж сонгоно. Төхөөрөмжийн хөрөнгийг Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооноос гаргана. Одоогоор яг тэдэн төгрөгийн үнэтэй төхөөрөмж авна гэж шийдээгүй байна. Монгол мөнгөөр 30, 40 мянгаас эхлээд 300, 400 мянган төгрөгийнх ч бий. Гэхдээ бид хамгийн чанартай, стандартын шаардлага хангасан, үнэ өртөг хямд төхөөрөмжийг сонгоно. 

 


-Үнэгүй тарааж, суурилуулах уу?


- Айл өрхүүдэд нэг удаа үнэгүй суурилуулна. Энэ дундуур ямар нэгэн шахаа, цавчаа орох ёсгүй. Шууд үйлдвэртэй нь харьцаад хамгийн хямд үнээр авна.

 


- “Тавантолгой түлш” компанийг хамгаалалтад авах асуудал оруулсан гэсэн?


- Засгийн газрын хуралдаанд хоёр асуудал оруулсны нэг нь “Тавантолгой түлш” компанийг хамгаалалтад авч, онцгой обьект болгох. Хүн амын эрүүл мэнд, аюулгүй байдалтай асуудал учраас үйлдвэрлэлийн горим алдагдах, хөндлөнгийн нөлөө орохоос урьдчилан сэргийлж, үйлдвэрийг онцгой обьект болгох нь зүйтэй гэж үзсэн. Үйлдвэрийн үйл ажиллагаа хэвийн байгаа. 
 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна