“Монгол Улс саарал жагсаалтад орсон нь асуудлуудаа шийд л гэсэн сануулга юм"

Б.Ариунзаяа
Өчигдөр 21 цаг 02 минут

Олон улсын санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх байгууллага буюу Financial Action Task Force /FATF/-ын  жилийн тайлангийн хурал аравдугаар сарын 13-18-ны өдөр Францын нийслэл Парис хотноо болж, Монгол улсын саарал жагсаалтад оруулсанаа зарлалаа. Монгол улсыг Исланд, Зимбабве нарын улсуудтай хамт мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх эрсдэлтэй хэвээр байна гэж үзээд цаашдаа өндөр хяналтад байхаар ийнхүү зарласан байна. Энэ талаар Монголбанкны Хэвлэлийн төлөөлөгч Д.Оргил өөрийн сошиал хуудаснаа дараах зүйлийг бичсэн байна.

 

“Монгол Улс саарал жагсаалтад орсон нь бидний хүсэн хүлээж байсан үр дүн биш ч гэлээ бүх зүйл төгсчихөж байгаа хэрэг ч бас биш юм. Цахим сүлжээгээр доорх агуулга бүхий пост /Монголбанк арилжааны банкуудад хязгаарлалт тогтоож, ААН, хувь хүний өдөрт гадагшаа шилжүүлэх мөнгөний хэмжээ өдөрт 1 сая төгрөг, түүнтэй тэнцэх валют байхаар тогтоожээ гэх мэт/ идэвхжих шинжтэй байна.

 

Хэвлэлийн төлөөлөгчийн хувиар хариуцлагатайгаар мэдэгдэхэд, Монголбанкнаас гадаад төлбөр тооцоог хязгаарлах чиглэлээр, мөн мөнгөн гуйвуулгын тоо, хэмжээн дээр ямар нэгэн хязгаарлалт, хориг хийсэн, тийм агуулгаар алив тушаал, шийдвэр, захирамж огт гаргаагүй болно. Эцэст нь хэлэхэд саарал жагсаалтад орсон гэдэг нь ОУ-ын зүгээс бидэнд хориг арга хэмжээ авч байгаа хэрэг огтоос биш бөгөөд эрчимтэй хяналтын хугацаанд биелэлт хангагдаагүй асуудлуудаа шийд л гэсэн сануулга юм. Тиймээс та бүхэн тайван, амгалан байцгаана уу” гэсэн байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна