Т
О
В
Ч

Онцлох
Сэдэв
tovch.mn
товч мэдээлнэ

Трампын шинжилгээний хариу халдваргүй гарчээ

2020 оны 03 сарын 15

 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын коронавирусний шинжилгээний хариу "сөрөг" буюу халдваргүй гарлаа, Вашингтоны засаг захиргааны тэргүүн эрүүл гэж түүний эмч Шон Конли мэдээлснийг Цагаан ордны хэвлэлийн алба бямба гарагт уламжилжээ.

 

“Өчигдөр орой Ерөнхийлөгчтэй "COVID-19"-ийн шинжилгээ өгөх талаар нэлээд ярилцсаны эцэст тэрбээр шинжилгээ хийлгэхээр шийдсэн. Өнөө орой би “сөрөг” буюу халдваргүй гэсэн хариуг авлаа” гэж эмчийн мэдээлэлд дурдсан байна. “Флорида муж улс дахь Мара-а-Лаго эдлэнд Бразилын төлөөлөгчидтэй хамт оройн зоог барьснаас хойш долоо хоногийн дараа Ерөнхийлөгчид өвчний шинж тэмдэг урьдын адил илрээгүй хэвээр байна” гэж Конли цохон тэмдэглэжээ.

 

Бразилын Ерөнхийлөгчийн хэвлэлийн албаны дарга Фабио Вайнгартенд амьсгалын замын өвчний шинж тэмдэг илэрч, улмаар коронавирусний халдвар авсан нь батлагдсан тухай өмнө нь хэвлэлүүд мэдээлсэн. Тэрбээр өнгөрөгч лхагва гаргийн шөнө Майами хотоос буцаж ирсэн Бразилын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд багтсан байжээ. Вайингартен АНУ-ын Ерөнхийлөгчийн хажууд байсан бөгөөд түүнтэй харьцсан гэж мөн мэдээлж байв. Үүнээс гадна, тэрбээр өнгөрсөн долоо хоногийн бямба гарагт Трамп болон АНУ-ын дэд ерөнхийлөгч Майк Пенстэй зэрэгцэн зогсож буй зургаа “Instagram” хуудсандаа тавьсан байна. Фабио Вайингартенийг тусгаарласан бөгөөд харин энэ сарын 21-нд 65 нас хүрэх Болсонаругаас гадна Бразилын Батлан хамгаалах, Улсын аюулгүй байдал болон Эрчим хүчний сайд коронавирусний шинжилгээ өгчээ. Шинжилгээний хариу нь сөрөг буюу халдваргүй гарсан гэж Бразилын Ерөнхийлөгч баасан гарагт фэйсбүүк хуудсандаа бичсэн байна.

 

АНУ-ын Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төвөөс бямба гарагт мэдээлснээр, тус улсад коронавирусний халдвар авсан хүний тоо 2795 болж нэмэгдэж, 57 хүн нас баржээ.

 

Шинэ төрлийн коронавирусний халдвар 2019 оны 12 дугаар сарын сүүлээр Хятадын Ухань хотод бүртгэгдсэн билээ. Уг виурсний халдвар цар тахлын хэмжээнд хүрснийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/ гуравдугаар сарын 11-нд зарласан. Коронавирусний халдварын тохиолдол 120 гаруй улсад бүртгэгдээд байгаа бөгөөд ДЭМБ-ын мэдээлснээр, нийт 142 мянга гаруй хүн халдвар авч, 5400 орчим хүн нас барсан байна.

 

https://montsame.mn

 

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл