ГАШУУН СУХАЙТЫН БООМТООР НҮҮРСНИЙ ЭКСПОРТ ЭХЭЛЛЭЭ

Админ
2020/03/16

“Эрдэнэс-Тавантолгой” ХК-иас өнөөдөр /2020.03.16/  хэвлэлийн хурал хийж, мэдээлэл өглөө. Дэлхийн хэмжээнд “COVID-19” халдвар дэгдсэнтэй холбогдуулан Улсын онцгой комиссоос гаргасан шийдвэрийн хүрээнд нүүрсний экспорт зогсоод байсан. Ариутгал халдваргүйжүүлэлтийн ажлыг зохион байгуулсны үндсэнд өнөөдрөөс Гашуун сухайтын боомтоор нүүрсний экспорт эхэлснийг “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг мэдээллээ.

 

 

“Эрдэнэс-Тавантолгой” ХК энэ жил анх удаа ногдол ашиг олгохоор шийдвэрлэсэн. Хувьцаа эзэмшигч иргэдэд мэдээлэл хүргэх, хувьцааны данс шалгах, данс нээх үйлчилгээг цахимаар авах боломжийг бүрдүүлэн ажиллаж байгаа ч “1072 Хувьцаа мэдээллийн төв”-д хандаж буй иргэдийн тоо их хэвээр байна. 2020 оны 03 дугаар сарын 02-ноос 03 дугаар сарын 16-ны хооронд мэдээллийн төвийн байранд 825 иргэн биеэр ирж мэдээлэл, зөвлөгөө авсан бол 1800-1072 тусгай дугаартай лавлах утсаар 4050 хүн холбогджээ. Ингэснээр мэдээллийн төв нээгдсэнээс хойш давхардсан тоогоор нийт 28’152 иргэн биечлэн ирж үйлчилгээ авч, 1800-1072 лавлах утсаар 63’512  иргэн мэдээлэл, зөвлөгөө аваад байна. Мөн өнгөрсөн долоо хоногт “1072 Хувьцаа мэдээллийн төв” нэртэй фэйсбүүк хуудсыг давхардсан тоогоор 20 мянга орчим хүн үзэж, мэдээлэл авсан байна.

 

Ногдол ашигтай холбоотойгоор иргэдээс ирж буй түгээмэл асуултын хариулт:

 

Ногдол ашгийг 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс хойш холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн олгоно. Ногдол ашгийг тухайн иргэний банкны идэвхитэй дансанд нь шилжүүлэн олгоно. Ингэхдээ иргэн өөрийн хувьцааны данс нээлгэсэн брокерийн компанидаа хандаж хүсэлтээ гаргаж, өөрийн ногдол ашиг авах банкны дансаа баталгаажуулан бүртгүүлнэ. Энэ бүртгүүлсэн дансанд ногдол ашиг 2020 оны 5 дугаар сарын 1-нээс хойш орно.

 

“Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн 1072 хувьцаа дотоодын хөрөнгийн бирж дээр нээлттэй болсны дараа Санхүүгийн зохицуулах хорооны “Үнэт цаасаар гэрчлэгдсэн өмчлөх эрхийг бусдад бэлэглэх, өвлүүлэх тухай шинэчилсэн журам”-ын дагуу өвлөх, бэлэглэх эрх нээгдэнэ.

 

Өв залгамжлах эрхийн гэрчил­гээгээр үнэт цаасыг шилжүүлэх Харилцагч нь төвлөрсөн хадгаламж дахь дансны  хөрөнгийг өв залгамжлалаар хүлээн авах тохиолдолд өв залгамжлах эрхийн гэрчилгээ, өв залгамжлагчийн иргэний үнэмлэх, түүнтэй адилтгах баримт бичиг, нас барсан хүний нас барсны гэрчилгээ, өв хүлээн авагчийн өргөдөл, гүйлгээний шимтгэл төлсөн баримт зэргийг үндэслэн өвлөн авна.

 

Ногдол ашигтай холбоотой мэдээллийг дараах 5 эх сурвалжаас аваарай:
www.ett.mn вэб сайт
“1072 хувьцаа мэдээллийн төв” фэйсбүүк хуудас,
1800-1072 тусгай дугаар /энгийн утасны тарифаар/
 ЕТТ аппликейшн
158989 мессеж дугаар


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна