“ЭРДЭНЭТ”-ИЙГ АВАХ ДАВУУ ЭРХЭЭС ТАТГАЛЗСАН ТӨРИЙН ӨНДӨР АЛБАН ТУШААЛТНУУД ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭХ ҮҮ

Админ
2019/03/06

Нүгэл нүдээрээ гардаг гэдгийг өчигдрийн хэд хэдэн үйл явдал харуулаад авлаа. ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ “Монголиан коппер корпорейшн” ХХК хэрхэн 400 саядоллар босгож, "Эрдэнэт Үйлдвэр"-ийн 49 хувийг худалдаж авсан талаарх баримтыг нийтэд ил болгосноор төрийн мөнгөөр тоглосон хүмүүсийг эхнээс нь баривчилж, саатуулж эхэллээ. Тодруулбал “Монголиан коппер корпорейшн” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшин, Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ын дарга Д.Эрдэнэбилэг, гүйцэтгэх захирал О.Орхон нарыг Цагдаагийн Ерөнхий Газрын Эрүүгийн цагдаагийн албанаас баривчилж, яллагдагчаар татан 461 дүгээр ангид цагдан хориод байна.  Гэвч эдгээр хүмүүс бол том бүлэглэлийн зөвхөн нэг тал төдий. Хэргийн цаана улс төрийн нөлөө бүхий албан тушаалтнууд ч бий гэдгийг ил болоод буй тэмдэглэл харуулах шиг.

 

 

Тэдний нэг нь УИХ-ын гишүүн, АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат. Түүний талаар нэгэн үе АН хэмээх тоонот гэрт толгой холбож явсан УИХ-ын гишүүн Ж.Батзандан ширүүхэн үг цухуйлгаад авсан.Монгол улсын Засгийн газар ОХУ-аас ирж байгаа 49 хувийг худалдаж авах давуу эрхээсээ яаж татгалзах вэ гэдэг ажлыг голлон зохион байгуулсан хүн хэмээн цоллосон. Үнэхээр ч нууцын зэрэглэлээс гарсан тэмдэглэлээс харахад тухайн үед Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат "Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг худалдаж авахад Монгол улсын Засгийн газар хөрөнгө оруулах боломжгүй учраас давуу эрхээсээ татгалзаж "Монголын зэс корпораци"-д худалдах тухай" танилцуулгыг хийж, төрийн мөнгөөр хулгай хийх их ажлын үндэс тавигдсан байх юм. Гэтэл тухайн үеийн Эрдэнэт үйлдвэрийн дансанд байсан мөнгө энэ дүнгийн гуравны нэгд хүрэхээр байсан гэх. Бүхэл бүтэн улсынхаа аж үйлдвэрийг хариуцаж байсан төрийн түшээ, эрх мэдэл бүхий сайд асан Д.Эрдэнэбатын энэ үг, үйлдэл хоёр Ц.Пүрэвтүвшин, Д.Эрдэнэбилэг, О.Орхон нарын араас орох хангалттай шалтгаан бас нотолгоо биш гэж үү.

 

Мөн Монголбанкны Ерөнхийлөгч асан Н.Золжаргалын хийсэн “нүгэл” ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэний дэлгэсэн Эрдэнэд үйлдвэрийн 49 хувийн хувьцааг худалдан авахад зарцуулсан 400 сая долларын эх үүсвэрийн бүрдүүлсэн санхүүгийн схемээс тодорхой харагдана. Монгол банкнаас QSC компани өрийн бичгээр хоёр удаа 100 тэрбум төгрөг авсан байдаг. Энэ нь буцаад "Хэйдвэи трейдинг" , "Девилопмент" зэрэг компанируу орсон нь тогтоогдсон. "Хэйдвэи трейдинг" н.Хүрэлбаатарын компани. "Девилопмент" нь Эрдэнийн Батхүүгийн компани.Энэ бүхнээс харвал Монгол банкны ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Н.Золжаргал эрх мэдлээ хэтрүүлсэн нь илт хэмээн учир мэдэх хүмүүс ярьж байна. Учир нь Монголбанк хэзээ ч аж ахуйн нэгжид шууд мөнгө өгөх эрхзүйн үндэс байдаггүй билээ.


Уг нь энэ асуудлаар Н.Золжаргал болон тухайн үеийн Засгийн газрын тэргүүн Ч.Сайханбилэг нарыг шалгана хэмээн мэдээлж байсан ч тэгсгээд намжсан. Бүр Н.Золжаргалын талаар Монгол банкны ерөнхийлөгчөөр томилогдохоосоо өмнө “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг худалдаж авсан Худалдаа хөгжлийн банкны захирлуудын нэгээр ажиллаж байсан. Тиймдээ ч “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг авахад Монгол банкнаас баталгаа гаргаж өгсөн шалтгаан юу байв, ямар нэгэн эрх ашиг, албан тушаалаа урвуулан ашигласан зүйл байгаа эсэхийг шалгаж тогтооно гэх тодорхой мэдээлэл байсан ч хууль хяналтынхан дуугараагүй. АТГ эсвэл цагдаа шалгасан эсэх нь одоо хүртэл тодорхойгүй байдаг.

 

Тэгвэл Эрдэнэтийн хувьцааны асуудал хүчээ авч байгаа энэ үед тэднийг өмнө нь энэ хэрэгт хамаатуулан шалгасан эсвэл шалгах эсэх нь тодорхой болно хэмээн олон нийт хүлээж байна. Гэхдээ эдгээр хүмүүсийн ард АН-аас угшилтай Монгол Улсын Ерөнхийлөгч Д.Баттулга гэх “хамгаалалт” байж магадгүй гэх болгоомжлол бий. Ч.Сайханбилэг, Д.Эрдэнэбат нар нэг намынх гэдгээрээ ойр байдаг бол Л.Золжаргалын хувьд ах дүүгийн барилдалгаатай гэх. 

 

ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр мэдээлэл хийж, тэмдэглэлд дурдагдсан нэр бүхий улс төрч, албан тушаалтнуудыг шалгуулахаар хууль хяналтын байгууллагад хандана гэлээ. Хуулиараа албан тушаалын хэргийг АТГ, аж ахуйн нэгжтэй холбоотой хэргийг ЦЕГ шалгадаг. Тиймээс тун удахгүй хууль хяналтынхан томилсон бүлэгтээ үнэнч үү өргөсөн тангарагтаа үнэнч үү харах нь байна.

 

Б.Өрнөх


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна