БАЙГАЛИЙН ТҮҮХИЙН МУЗЕЙГ ИХ ТЭНГЭРИЙН АМАНД БАРИНА

Админ
2019/05/01

Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдөр болж, боловсрол, соёл, спортын салбарт хамаарах дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

 

БАЙГАЛИЙН ТҮҮХИЙН МУЗЕЙН ГАЗРЫГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ

 

Байгалийн түүхийн музейг Их тэнгэрийн аманд барих асуудлыг дэмжиж, холбогдох хууль тогтоомжийн хүрээнд газар ашиглуулах гэрээ байгуулан хамтарч ажиллахыг холбогдох хүмүүст даалгав. Тус музейн барилгын ажлыг гүйцэтгэхэд шаардлагатай техникийн нөхцөл, зөвшөөрлийг холбогдох хууль, журмын дагуу олгож дэмжлэг үзүүлж ажиллахыг сайд Н.Цэрэнбат, Х.Баделхан, Ц.Даваасүрэн, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан нарт үүрэг болголоо.
Байгалийн түүхийн музей нь 1924 онд Үндэсний музей нэртэйгээр байгуулагдсан. Музейн барилга нь 1955 онд Хөдөө аж ахуйн техникумын зориулалттай анх баригджээ. Барилгын ашиглалтын хугацаа нь бүрэн дууссан. 2013 оны тавдугаар сараас Байгалийн түүхийн музейн олон нийтэд үйлчлэх үндсэн үйл ажиллагаг бүрэн зогсоогоод байгаа юм.

 


ЦЭЦЭРЛЭГ БАЙГУУЛАХ САНААЧИЛГЫГ ДЭМЖИНЭ

Байгууллага, аж ахуйн нэгжүүд ажилтан, албан хаагчид, оюутан багш, суралцагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор өөрийн санахүүжилтээр цэцэрлэг байгуулах санаачилгыг дэмжиж, хэрэгжүүлэх арга хэмжээ авахыг сайд Ё.Баатарбилэг, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгалаа.
Мөн салбар бүлэг нэмэх, зуны цэцэрлэг ажиллуулахад шаардлагатай мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэх асуудлаар зохион байгуулалтын арга хэмжээ авах, шинээр орон сууцны хороолол барих зөвшөөрөл олгохдоо сургууль, цэцэрлэгийг хамтад нь барих стандартыг мөрдөж зөвшөөрөл олгож байхыг үүрэг болголоо.

 

СПОРТЫН НААДАМД АШИГЛАХ ЗОРИУЛАЛТААР ИМПОРТООР ОРУУЛЖ БАЙГАА БАРАА, ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ, ХЭРЭГЛЭЛИЙГ ТАТВАРААС ЧӨЛӨӨЛӨХ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ДЭМЖИВ

 

“Токио-2020” зуны олимп, паралимпийн наадамд оролцох бэлтгэл хангах, Монгол Улсад зохион байгуулагдах “Азийн хүүхдүүд-2020” олон улсын спортын наадам, 2023 оны Зүүн Азийн залуучуудын спортын наадамд ашиглах зориулалтаар импортоор оруулж байгаа бараа, тоног төхөөрөмж, хэрэглэлийг Онцгой албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг хэлэлцээд хуулийн төсөл, дагалдах хуулийн төслүүдийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтов.

Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна