Баянзүрх дүүргийн Засаг даргын орлогч  Б.Наранчулуунд нэг жилийн хорих ял оноожээ

Админ
2019/05/03

Баянзүрх дүүргийн ИТХ-ын төлөөлөгч, Засаг даргын орлогч  Б.Наранчулуунд холбогдох хэргийг тус дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хэлэлцээд нэг жилийн хорих ял оноожээ.

 

Б.Наранчулууныг менежер Б.Хулангийн хамт 2016 оноос АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шалгасан бөгөөд цэцэрлэгийн хүүхдүүдийн хоол, хүнснээс хумсалсан хэрэгт буруутган НПГ-аас яллах дүгнэлт үйлдэн өмнө нь нэг бус удаа шүүхэд шилжүүлж байсан ч хэргийг буцаасаар нэлээд хугацаа өнгөрчээ.

 

“Өсвөр үе хүнс” ОНӨААТҮГ-ын дарга Б.Наранчулуун, ерөнхий нягтлан бодогч Н.Ариунболд, менежер Б.Хулан, түгээлтийн нярав Т.Энхтуяа нарыг албан тушаалаа ашиглан нэр бүхий аж ахуйн нэгжүүдээс төмс, хүнсний ногоо, мах, махан бүтээгдэхүүн худалдан авахдаа сонгон шалгаруулалт явуулалгүйгээр гэрээ байгуулан, бусдаас хээл хахууль авсан хэмээн анх шалгасан бөгөөд мөрдөн байцаалтын явцад дарга, менежер нараас бусад хоёр хүний үйлдлийг хэрэгсэхгүй болгосон аж. 

 

Улмаар Б.Наранчулуун, Б.Хулан нарт прокуророос Эрүүгийн хуулийн 22.4-4 дэх хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд, эсхүл хэрэгжүүлэхгүй байхын тулд, эсхүл гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсэн, эсхүл хийхийн тулд шууд, эсхүл бусдаар дамжуулан хахууль өгөхийг шаардсан, авсан” гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлснийг хэлэлцээд Б.Хуланг цагаатгажээ. Харин Б.Наранчулуунд нэг жил хорих ял шийтгэсэн байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна