Д.Дамба-Очир: Оюутолгой ХХК-д өгсөн 43 материал нууцлалтай материал биш

Админ
2019/05/09

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагваар ахлуулсан УИХ-ын ажлын хэсэг Оюутолгойн гэрээний хэрэгжилтийг УИХ-ын ажлын хэсэг жил гаруй шалгаад өнгөрсөн онд дүгнэлтээ гаргасан. Улсын нууцын тамгатай дүгнэлтээ гишүүдэд тарааж, УИХ-аар хэлэлцүүлэхээр бэлтгэж байв. Гэтэл тэрхүү дүгнэлттэй нь гишүүд танилцаж амжаагүй байтал “Оюутолгой” ХХК-иас  УИХ-д тайлбар ирүүллээ. Хамгийн гол нь УИХ-ын ажлын хэсгийн дүгнэлт нууцын зэрэглэлтэй байсан. Мөн ажлын хэсэгт орж ажилласан мэргэжилтнүүдээс нууцын баталгаа хүртэл авсан байдаг. Хэргийн эзнээр УИХ-ын гишүүн ЭЗБХ-ны дарга Д.Дамба-Очир тодроод буй. Энэ талаар тэрбээр УИХ-ын чуулган дээр “Мягмар гаригт  Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Оюутолгойн гэрээг шалгасан ажлын хэсгийн дүгнэлтийн хэлэлцэхээр бүх материалыг байнгын хорооны гишүүдэд тараасан.

Бэлтгэл ажил хангагдсан. АТГ-ын материалаас бусад  материалыг үндсэндээ байнгын хорооны гишүүдэд хүргүүлсэн. Нууцлалын чанартай хоёр материалыг мөн байнгын хорооны гишүүдэд хүргүүлсэн. “Оюутолгой” ХХК албан ёсны хүсэлт тавьсны дагуу  43 хуудас материал Оюутолгой ХХК-д өгсөн. Энэ дагуу тайлбар ирүүлсэн. Үүнийг мөн гишүүдэд тарааж байгаа. Оюутолгой ХХК-д өгсөн 43 материал нууцлалтай материал биш, УИХ-аас байгуулсан ажлын хэсгийн дүгнэлт байсан. Үүнд намайг буруутгаж хулгайгаар Оюутолгой ХХК-д аваачаад өгчихсөн зүйл байхгүй. Эдийн засгийн байнгын хороо хуулийн дагуу бэлтгэл ажил болон холбогдох материалуудыг байнгын хорооны гишүүдэд тараасан. Ирэх долоо хоногт хэлэлцэхэд ямар ч асуудал байхгүй. УИХ-аар ч  хэлэлцүүлэх боломжтой. Хариуцлагатай мэдэгдэл хийхгүй бол буруу зөрүү мэдээлэл их гарч байна” гэв.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна