АН: Талийгаачтай хамгийн сүүлд уулзсан УИХ-ын гишүүн Цагдаагийн байгууллагад мэдүүлэг өгсөн

Админ
2019/05/20

УИХ-ын гишүүн, УИХ-ын дэд дарга асан, АН-ын дэд дарга Г.Батхүү төрийн ордонд учир битүүлэгээр амиа алдсантай холбогдуулан АН-аас мэдээлэл хийлээ. Хуралдааны эхэнд АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваан “Г.Батхүү 2019 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 19 цагт учир битүүлгээр амиа алдсан сэтгэл сэрдхийлгэм, цочирдом үйл явдал боллоо. Талийгаач тухайн өдөр “Торгоны зам” олон улсын автораллийг зохион байгуулах ажлын хэсгийн хуралд оролцож 15-18 цагийн үед Төрийн ордонд ажиллаж байсан. Төрийн ордон бол төрийн тусгай хамгаалттай онцгой обьект. Харамсалтай нь Төрийн ордны баруун жигүүрт Засгийн газрын хуралдаан болдог байсан танхимын ойролцоо хоёр давхарын гонхноос талийгаач өндрөөс унасан байдалтай, гадны нөлөөтэй байж болзошгүй амиа алдсан харамсалтай үйл явдал боллоо. Талийгаач биеийн хувьд эрүүл. Өнгөрсөн сард гадаадад бүх биеийн шинжилгээнд хамрагдаж “эрүүл” гарсан байна.

 

Сүүлийн үед сошиал орчинд монгол биш зан гаргаж, төлийгаачийг харлуулах, хийсэн ажлыг нь шүүмжлэх, худал гүтгэлэг гаргаж байгаад АН-ын зүгээс харамсаж байна.  Ажлаа хийж явахдаа амиа алдсан харамсалтай хэрэгт АН ямар нэгэн байдлаар улстөржиж, улс төрийн ашиг хонжоо хайхгүй. Гагцхүү үйл явдлын жинхэнэ мөн чанарыг олохын төлөө ажиллаж байна.  Цагдаагийн байгууллага  ямар нэгэн мэдээлэл өгөөгүй байна. Нэн яаралтай учир явдлыг үнэн зөвөөр тогтоож, ар гэрийнхэнд болоод Ардчилсан намыхан, ард түмэнд үнэн бодит мэдээллийг өгнө гэдэг эргэлзэхгүй байна” гэлээ.

 

Мөн АН-ын дэд дарга Х.Тэмүүжин талийгаач Г.Батхүү их хэмжээний гэмтлийн улмаас амиа алдсан гэх урьдчилсан дүгнэлт гарсаныг дуулгалаа. Тэрбээр  “Төрийн ордонд хоёр гурван газарт л камер байдаг. Үйл явдал болсон газар камергүй, ямар нэгэн хяналтгүй байсан. Гэвч хэргийн талаар   Цагдаагийн байгууллага албан ёсны мэдээлэл хийгээгүй байхад талийгаачийн үхлийн талаар зүрх нь хаагдсан, өмнө нь өвчтэй байсан зэрэг худал мэдээлэл тарааж байна.  Урьдчилсан дүгнэлтээр өндрөөс унасан, их хэмжээний гэмтлийн улмаас нас барсан гэх дүгнэлт гарч байх шиг байна. Гэхдээ шүүх шинжилгээний дүгнэлт гараагүй байна. Нарийвчилсан шинжилгээний дүн 14-21 хоног болж байж гарна. Талийгаачийн оролцсон “Торгоны зам” олон улсын автораллийг зохион байгуулах ажлын хэсгийн хуралдаан 18 цаг 20 минутын орчимд тарсан.

 

Хамгийн сүүлийн хүн 18 цаг 30 минутын орчим гарсан гэх яриа байна. 18 цаг 30-33 минутын орчимд АН-ын дэд дарга Д.Дэлгэрмаатай утсаар ярьсан. Хуралдаанд оролцсон ОХУ-ын талын төлөөлөгчидтэй оройн хоол иднэ. Таны найз, түншүүд ирсэн учраас хамт орох талаар ярилцаад цаг болзсон байгаа юм.  Дараа нь УИХ-ын чуулганы танхимын урд талын камерт 18 цаг 35 минутын орчимд 3 давхарт баруун тийшээ алхаж явсан дүрс бичигдсэн байсан ч 19 цаг 09 минутын орчимд нэг давхарт унасан байдалтай олдсон.  19 цаг 57 минутад цагдаагийн байгууллагад анхны дуудлага өгсөн байна. Яагаад цаг орчимын дараа дууллага өгсөн бэ, энэ хугацаанд юу болсон бэ гэдэг дээр хүмүүс эргэлзэж, асуулт асууж байна. Цахимаар сүүлийн 30 минутад хаана хэнтэй уулзав гэдэг дээр бүгд л эрэл хайгуул хийж байна. Зарим  нь хүмүүс ямар зорилготойн бүү мэд АН-ын дарга Эрдэнэтэй уулзсан гэх яриаг гаргаж байна.

 

АН-ын удирдлагуудын хувьд тухай өдрийн 15-18 цагийн хооронд хуралтай байсан. С.Эрдэнэ ордонд байгаагүй АН-ын байранд байсан. Та бүхэн удахгүй мэдэх байх. Цагдаагийн байгууллага сүүлийн 20 минутад хэнтэй уулзсаныг тогтоосон. Тэр хүн нь УИХ-ын гишүүн, Ардын намын гишүүн байсан. Тэр хүн бол “Бид хоёр манай өрөөнд уулзалдсан. Уулзалт 20 минут орчим болоод гарсан” гэх мэдүүлгийг цагдаагийн байгуулллагп өгсөн байсан. Удахгүй тодорхой болох байх. Шүүхийн шинжиллгээний байгууллагад эргэлзээ их байдаг учраас гэр бүлийн зүгээс хөндлөнгийн шинжээч оруулах санал тавьсан. Хуульд энэ чиглэлээр зөвшөөрөх эсвэл татгалзах заалт байдаггүй. Гэхдээ прокурорын зүгээс татгалзсан.  Ардчилсан намыхан сүүлийн үед авлига албан тушаалын хэрэгт шүүмжлэлтэй хандаж байгаа. Гэхдээ ийм хэмжээний улс төрийн зөрчилд оруулах арай болоогүй байлгүй дээ гэж бодож байна. Учир битүүлэг зүйл болсонд хатуу итгэлтэй байгаа.  Хэвийн хүн гонхноос унах боломжгүй. Шатнаас нэлээд зайтай байдаг.” гэлээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна