Өглөө бүр бид сэрүүлгийн дуунаар бус, бодлын хүнд жингээр сэрдэг болжээ. Өчигдрийн алдаа, хэлж амжаагүй үг, хийж чадаагүй сонголт — эдгээр нь нүд нээгдэхээс өмнө л мөрөн дээр суучихсан байдаг. Харин өглөө гэдэг бол санахын бус, мартахын цаг баймаар.

Бидэнд санах хэрэгтэй зүйл олон. Гэхдээ түүнээс дутахгүйгээр мартах хэрэгтэй зүйл ч бий. Өчигдрийн бухимдал өнөөдрийн өглөөтэй хамт сэрэх ёсгүй. Хэн нэгний хэлсэн хатуу үг, амжилтгүй оролдлого, өөрийгөө буруутгасан бодол — эдгээрийг цүнхэндээ хийсээр явах тусам бидний алхам удааширна.

Өглөөний гэрэл бол шинэ эхлэлийн дохио. Нар ургахдаа “чи өчигдөр хэн байсан бэ” гэж асуудаггүй. Харин “өнөөдөр яаж амьдрах вэ” гэж сануулдаг. Тийм атал бид яагаад өчигдрийн сүүдрийг өнөөдөр чирсээр байх ёстой гэж?

Мартах гэдэг нь зугтах биш. Харин өөрийгөө хамгаалах ухаан юм. Бүхнийг санаж, бүхэнд шаналж амьдрах нь тэсвэр биш, ачаалал. Харин зарим зүйлийг орхиж сурах нь урагшлах зориг.

Өглөө бүр бид өөрөөсөө нэг асуулт асуух хэрэгтэй:

“Өнөөдөр би юуг мартвал илүү хөнгөн амьсгалах вэ?”

Магадгүй өөрийгөө бусадтай харьцуулсан бодлыг. Магадгүй төгс байх ёстой гэсэн шахалтыг. Эсвэл “оройтсон” гэх айдсыг. Амьдрал өглөө бүр эхэлдэг. Харин бид л түүнд хуучин түүхээ дахин дахин уншуулдаг.

Өнөө өглөө санах зүйлээ багасгая. Харин мартах зоригийг жаахан нэмье.