Филиппиний өмнөд хэсэгт өнөөдөр өглөөний 07:37 цагийн орчимд 7.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж, цунамигийн сэрэмжлүүлэг зарлагдлаа.

Олон улсын хэвлэлүүдийн мэдээлснээр газар хөдлөлтийн голомт нь Минданао арал дахь Женерал Сантос хотын баруун өмнөдөөс ойролцоогоор 13 километрийн зайд, газрын хөрснөөс 10 километрийн гүнд бүртгэгджээ.

Хүчтэй газар хөдлөлтийн улмаас зарим бүс нутагт цахилгаан тасарч, эрх баригчид далайн эргийн оршин суугчдыг өндөрлөг бүс рүү яаралтай нүүлгэн шилжүүлэх анхааруулга өгсөн байна.

Номхон далайн цунамигийн сэрэмжлүүлэх төв-өөс мэдээлснээр Филиппиний зарим эрэгт 3 метр хүртэл өндөр давалгаа үүсэх эрсдэлтэй байгаа бол Индонез болон Малайзын зарим эрэгт 1 метр хүртэл өндөр цунамигийн давалгаа хүрч болзошгүй аж.

Мөн Тайвань, Япон, Гуам, Папуа Шинэ Гвиней зэрэг бүс нутагт бага хэмжээний цунамигийн давалгаа ажиглагдаж болзошгүй талаар сэрэмжлүүлжээ.

Газар хөдлөлтийн дараа хамгийн хүчтэй нь 6.1 магнитуд хүрсэн хэд хэдэн давтан чичирхийлэл бүртгэгдсэн байна. Одоогоор хүний амь нас эрсэдсэн эсэх болон эд хөрөнгийн хохирлын талаарх дэлгэрэнгүй мэдээлэл бүрэн гараагүй бөгөөд холбогдох байгууллагууд нөхцөл байдлыг үнэлж байна.

Аврах, эрэн хайх ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд албаныхан иргэдийг далайн эрэг орчимд очихгүй байхыг анхааруулжээ.