Нийслэлийн Хан-Уул дүүргийн нэгэн байрны 15 давхарт өнөөдөр буюу 2026 оны арваннэгдүгээр сарын 14-ний 17:02 цагт ахуйн хэрэглээний газ тэсэрсэн дуудлага Онцгой байдлын байгууллагад иржээ.
Дуудлагын дагуу дүүргийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид очиход тухайн айлын ариун цэврийн өрөөнд 220 граммын савлагаатай ахуйн хэрэглээний газ тэсэрч, дөрвөн цонх, хоёр тагтны цонх хагарсан байна.
Ослын улмаас гал түймэр гараагүй бөгөөд нэг иргэн нүүр, гар хэсгээрээ түлэгдэж гэмтсэнийг эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгчээ.
Иргэд ахуйн хэрэглээний газны баллон, савлагааг ашиглахдаа дараах зүйлсийг анхаарна уу.
- Газны баллон, савлагааг зориулалтын дагуу ашиглаж, үйлдвэрлэгчийн зааврыг мөрдөх.
- Халуун, галын эх үүсвэр болон нарны шууд тусгалаас хол хадгалах.
- Агааржуулалт сайтай орчинд ашиглаж, битүү орчинд хий хуримтлагдахаас сэргийлэх.
- Газ алдагдаж байгаа эсэхийг тогтмол шалгах.
- Газ үнэртсэн, алдагдсан тохиолдолд ил гал гаргахгүй, цахилгаан хэрэгсэл болон унтраалга ашиглахгүй байх.
- Боломжтой бол аюулгүйгээр хаалтыг хааж, хаалга, цонхыг нээн агааржуулах.
- Тухайн орчны хүмүүсийг нэн даруй холдуулж, аюулгүй газраас 101 дугаарт дуудлага өгөх.
Өөрийн болон бусдын аюулгүй байдлын төлөө ахуйн хэрэглээний газны баллоныг зөв ашиглаж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын байгууллагаас анхааруулж байна.








Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!