БГД-ийн 15-р хороо "Кимбаб Чонгүг" хоолны газарт засвар хийж байхдаа барилгын хана нурж 15 настай хүү харамсалтайгаар амь насаа алдсан хэрэг тавдугаар сарын 18-ны өдөр болсон. Уг хэрэг гарснаас хойш хууль хяналтын байгууллага болон ажилд зуучилсан газрынхан эргэж холбогдоогүй хохирол барагдуулаагүй гэдгийг ар гэрийнхэн болон өмгөөлөгч нь мэдээлэл хийлээ.

Талийгаач хүүгийн төрсөн ах Б.Бат-Өлзий: "Дүү чинь нурангид даруулчихлаа гэсэн дуудлага аваад Хороололд байх "Кимбаб чонгуг" гэх хоолны газар очсон. Тэгэхэд Аврах ангийн ахлагч гарч ирээд “Дүү чинь чамайг орхиод явчихлаа” гэсэн муу мэдээ дуулгасан. Өмнө нь ажилд гарахдаа надтай хамт гардаг байсан ч тэр өдөр ганцаараа надад хэлэлгүй явсан байсан. Бид ам бүл гурвуулаа амьдардаг. Намайг ажилтай үед ээжийг гэртээ хараад үлддэг байсан ч тэр өдөр хэлэлгүй гараад явсан байсан. Би өөрөө 18 настай. Хэрэг гарсны дараа Цагдаагийн байгууллагад хандахад “Шүүхийн шийдвэр” гараагүй болохоор хүлээж бай гэсэн. Холбогдох хоёр байгууллагаас нэг нь эмгэнэл илэрхийлсэн ч "Самушил" гэх газар манайд ийм тохиолдол 2-3 удаа гарч л байсан хэмээн үл тоомсорлосон байдалтай хариу өгсөн" гэв.