Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Жаргалантын амны хойд хэсэгт 2026 оны аравдугаар сарын 21-ний өдрийн 19:50 цагт гал түймэр гарсан тухай дуудлага иржээ.

Дуудлагын дагуу Нийслэлийн Онцгой байдлын газрын Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14, 30, 65 дугаар ангийн алба хаагчид шуурхай ажиллаж, тухайн өдрийн 20:35 цагт түймрийн тархалтыг зогсоосон байна.

Улмаар гал түймрийг аравдугаар сарын 22-ны өдрийн 04:40 цагт бүрэн унтрааж, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд хүлээлгэн өгчээ.

Түймрийг унтраах ажиллагаанд Хан-Уул дүүргийн Онцгой комисс, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангиас дэмжлэг үзүүлсэн бөгөөд голомтод ажилласан алба хаагчдад эрүүл мэндийн урьдчилсан үзлэг хийж, хоол хүнсээр хангасан байна.

Гал түймрийг унтраах ажиллагаанд дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Засаг даргын Тамгын газар, Эрүүл мэндийн төв, Нийслэлийн Байгаль орчны газрын нийт 35 алба хаагч долоон автомашин, техник хэрэгсэлтэйгээр үүрэг гүйцэтгэжээ.