2026 оны нэгдүгээр сарын 4-нд нийслэлд жирэмсэн эмэгтэй болон түүний хоёр хүүхэд рүү халдаж, амь насыг нь хохироосон онц ноцтой хэрэг гарсан. Уг хэргийг үйлдсэн М.Батчулуунд анхан шатны шүүхээс бүх насаар нь хорих ял оноосон ч тэрбээр шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн давж заалджээ.

М.Батчулуун давж заалдах гомдолдоо гэрчүүдийн мэдүүлэг хоорондоо зөрүүтэй, хавтаст хэрэгт авагдсан баримтууд зохиомол, амь насаа алдсан гэх эмэгтэйн зураг хэрэгт байхгүй зэрэг үндэслэл дурдсан байна. Түүний гомдлыг давж заалдах шатны шүүх хянан хэлэлцжээ.

Энэ талаар хохирогчийн өмгөөлөгч Р.Булгамаа өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл өгөхдөө “Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хууль ёсны, үндэслэлтэй гэж үзсэн ч гэмт хэргийн зүйлчлэл болон хууль хэрэглээний асуудлыг дахин хянах шаардлагатай гэж үзэн, хэргийг прокурорт буцаасан” хэмээн мэдээлэв.

Хохирогчийн ар гэрт учирсан хохирол, нөхөн төлбөрийн асуудал өнөөг хүртэл шийдвэрлэгдээгүй байна.

Түүнчлэн М.Батчулуун өмнө нь хүний амь хөнөөсөн хоёр хэрэгт сэтгэцийн өвчний улмаас хэрэг хариуцах чадваргүй гэж үзэгдэн эрүүгийн хариуцлага хүлээгээгүй аж. Энэ удаад ч түүний хэрэг хариуцах чадварт дахин үнэлгээ хийлгэх хүсэлтийг өмгөөлөгч нь гаргасан байна.

Хэрэг гарсны дараа өмгөөлөгч нь М.Батчулууны сэтгэцийн эрүүл мэндийн байдлыг тодорхойлуулахаар Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд хандсан бөгөөд шүүх түүнийг хэрэг хариуцах чадвартай гэж үзэн бүх насаар нь хорих ял оноосон юм.

М.Батчулуун 2020 онд гудамжинд явж байсан хүний амь насыг хөнөөсөн хэрэгт холбогдож, F20 буюу шизофрени оноштойгоор Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд албадан эмчлүүлж байжээ. Тэрбээр эмч нарын дүгнэлтийг үндэслэн 2024 онд эмнэлгээс гарсан байна.

Хохирогч П.Сувданхуягийн хууль ёсны эрх ашгийг өмгөөлөгч Р.Булгамаа, Э.Нямсүрэн нар үнэ төлбөргүй хамгаалан ажиллаж байгаа аж.