Өчигдрийн буюу аравдугаар сарын 19-ний байдлаар улсын хэмжээнд АИ-92 автобензиний 22 мянган тонн буюу 10 хоногийн, АИ-95 бензиний 2,079 тонн буюу 17 хоногийн нөөцтэй байна. Харин дизель түлшний нөөц 108 мянган тонн буюу 27 хоног, онгоцны түлшний нөөц 7,089 тонн буюу 34 хоногийн хэрэгцээг хангах хэмжээнд байгааг мэдээллээ.
Энэ сард ОХУ, БНХАУ болон гуравдагч улсуудаас нийт 78 мянган тонн АИ-92 автобензин импортлохоор төлөвлөснөөс одоогоор 38 мянган тонныг нийлүүлээд байгаа аж.
АИ-92 автобензиний үнэ нэмэгдсэнтэй холбогдуулан Монополын эсрэг газраас аж ахуйн нэгжүүдэд шалгалт хийж байна. Мөн Цагдаагийн ерөнхий газраас шатахууны олголттой холбоотой иргэдийн гомдол, мэдээллийн дагуу зөрчил, дутагдлыг шалгаж, тухай бүрд нь арга хэмжээ авч байгаа юм.
Түүнчлэн Ашигт малтмал, газрын тосны газрын шатахууны менежментийн системийг Benzin.mn платформтой холбосноор Улаанбаатар хотын 264 шатахуун түгээх станцын шатахуун хүлээн авсан хугацаа, олгож буй шатахууны төрөл болон оочер дарааллын мэдээллийг бодит цагийн горимоор харах боломж бүрджээ.
Замын хөдөлгөөний ачааллыг нэмэгдүүлэхгүй байх зорилгоор төв зам дагуух зарим шатахуун түгээх станцын нийлүүлэлтийг тасалдуулахгүй байж, 24 цагаар ажиллуулах арга хэмжээ авахаар төлөвлөж байна. Мөн Ашигт малтмал, газрын тосны газраас шатахууны чанарт хийсэн лабораторийн шинжилгээний үр дүнг олон нийтэд нээлттэй мэдээлэх юм.








Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!