Томуугийн өвчлөлийн идэвхжил нэмэгдэж байгаатай холбогдуулан нийслэлийн 150 өрхийн эрүүл мэндийн төв болон дөрвөн тосгоны эрүүл мэндийн төв энэ сарын 24, 25-ны бямба, ням гарагт 11:00–16:00 цагийн хооронд ажиллахаар болжээ.
Нийслэлийн Эрүүл мэндийн газрын мэдээлснээр, нийслэлд бүртгэгдэж буй томуугийн өвчлөлийн 60 хүртэлх хувийг зургаа хүртэлх насны хүүхдүүд эзэлж байна. Мөн өвчин нь хүндэрч эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн 80 гаруй хувь нь энэ насны хүүхдүүд байгаа аж.
Сүүлийн гурван жилийн дунджаар томуугийн дэгдэлт арваннэгдүгээр сарын хоёр дахь долоо хоногоос оргил үедээ хүрдэг байна. Энэ үеэр эмнэлгийн дуудлагын тоо өдөрт дунджаар 325 байснаас тав дахин нэмэгдэж, 1,592 орчимд хүрч байжээ.
Томуугийн өвчлөлөөс урьдчилан сэргийлэх хүрээнд нийслэлийн хэмжээнд зорилтот бүлгийн 29,315 хүүхдийг томуугийн эсрэг вакцинд хамруулахаар төлөвлөсөн бөгөөд вакцинжуулалтын явц 90 гаруй хувьд хүрээд байна.
Түүнчлэн томуугийн дэгдэлтийн үед өрхийн эрүүл мэндийн төвөөс үзүүлэх гэрийн эргэлтийн хамрагдалтыг 60 хувьд хүргэхээр ажиллаж байгаа аж. Энэ хүрээнд өрхийн эрүүл мэндийн төвүүд харьяа нутаг дэвсгэрийнхээ бага насны хүүхэдтэй өрхүүдтэй утсаар холбогдох юм.
Эцэг эх, асран хамгаалагчид хүүхдээ томуугийн эсрэг вакцинд хамруулах талаар харьяа өрхийн эрүүл мэндийн төвдөө хандах боломжтой. Харин эмнэлэгт очих боломжгүй тохиолдолд эмч, сувилагчдаас бүрдсэн явуулын баг гэрээр очиж вакцин хийх зохицуулалт хийжээ.








Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!