Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир, Тусгай хамгаалалттай газар нутгийн бодлогын газрын дарга Ц.Уранчимэг нар Дорнод аймгийн Халхгол суманд ажиллаж, Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан ой, хээрийн түймрийн байгаль орчинд учруулсан хохирлыг нарийвчлан үнэлэх, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар холбогдох албаныханд чиглэл өглөө.

2026 оны аравдугаар сарын 8-нд гарсан түймэр урьдчилсан мэдээллээр нийт 528,765.5 га талбайг хамарсан байна. Үүнээс Нөмрөгийн дархан цаазат газрын 468,965.7 га талбай буюу тусгай хамгаалалттай газар нутгийн нийт талбайн 79.8 хувь нь түймэрт өртжээ.

Нөмрөгийн дархан цаазат газар нь байгалийн унаган төрх, экосистемийн тэнцвэрт байдал, биологийн олон янз байдлыг хамгаалах онцгой ач холбогдолтой нутаг юм. Иймд түймрийн хохирлыг зөвхөн шатсан талбайн хэмжээгээр тодорхойлохгүйгээр хөрс, ус, ургамал, амьтан, ховор болон нэн ховор ургамлын амьдрах орчин, экосистемийн үйл ажиллагаанд үзүүлсэн нөлөөлөл, урт хугацааны экологийн үр дагаврыг цогцоор нь судалж, үнэлэх шаардлагатай байна.

Энэ хүрээнд Халхгол сумын Засаг даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг болон Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас ажиллуулах мэргэжлийн баг хамтран ажиллаж, хохирлын үнэлгээг шинжлэх ухааны үндэслэлтэй, бодитой гаргахад анхаарч ажиллахыг сайд Ц.Сандаг-Очир чиглэл болголоо.

Хохирлын үнэлгээг хиймэл дагуулын зураглал, газар дээрх хэмжилт, судалгаа, лабораторийн шинжилгээ болон холбогдох нотлох баримтад тулгуурлан, хууль тогтоомжид заасан аргачлалын дагуу гүйцэтгэнэ. Мөн мэргэжлийн баг орон нутгийн ажлын хэсэгт мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгч, үнэлгээний ажлыг уялдуулан зохион байгуулах юм.

Үнэлгээний хүрээнд түймрийн улмаас учирсан экологийн болон эд хөрөнгийн хохирол, түймэртэй тэмцэхэд гарсан зардал, экосистемийн байгалийн жамаар нөхөн сэргэх боломж, шаардлагатай хамгаалалт, нөхөн сэргээлтийн арга хэмжээг тодорхойлно.

Үнэлгээний үр дүнд үндэслэн Нөмрөгийн дархан цаазат газрын экосистемийг хамгаалах, байгалийн нөхөн сэргэх явцыг дэмжих, шаардлагатай тохиолдолд нөхөн сэргээлт хийх, цаашид ой, хээрийн түймрийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлэхэд чиглэсэн дүгнэлт, зөвлөмж гаргах юм. Ингэснээр түймрийн байгаль орчинд үзүүлсэн нөлөөллийг бодитой тогтоож, тусгай хамгаалалттай газар нутгийн экосистемийг хамгаалах, нөхөн сэргээх, цаашид учирч болзошгүй эрсдэлийг бууруулах арга хэмжээг шинжлэх ухааны үндэслэлтэй төлөвлөх боломж бүрдэнэ.