Монгол Улсад факторингийн үйл ажиллагааг тусгайлан зохицуулах анхны хуулийн төслийг өнөөдөр Санхүүгийн зохицуулах хорооны байранд хэлэлцэж байна.

Одоогоор факторингийн үйл ажиллагааг Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулиар зохицуулж байгаа бөгөөд энэ нь зах зээлийн хөгжил, оролцогчдын хүрээг тэлэх боломжийг хязгаарлаж байгаа юм.

Харин шинээр боловсруулсан хуулийн төсөлд факторингийн төрөл, гэрээний нөхцөл, авлага шилжүүлсэн тухай мэдэгдэх журам, төлбөр барагдуулах нөхцөл зэрэг асуудлыг олон улсын жишигт нийцүүлэн тусгажээ.

Хуулийн төслийн гол зорилго нь факторингийн зах зээлийг нээлттэй, ил тод болгож, бизнес эрхлэгчдийн санхүүжилтийн эх үүсвэрийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд чиглэж байна.

Өнөөдрийн хэлэлцүүлэгт холбогдох төрийн байгууллага, мэргэжилтнүүд болон зах зээлд оролцогчдын төлөөлөл оролцож, хуулийн төслийн талаар санал, байр сууриа илэрхийлэх юм.