Шадар сайд Н.Номтойбаяр импортын хүнсний бүтээгдэхүүнд тавьж буй лабораторийн хяналт шалгалтын цар хүрээний талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр энэ асуудлыг Улсын онцгой комиссын хуралдаанаар хэлэлцсэн бөгөөд холбогдох эрдэмтэн, судлаачидтай ажлын албаны зүгээс уулзаж, санал солилцсон гэв. Түүний мэдээлснээр, өнөөдрийн байдлаар импортоор орж ирж буй хүнсний бүх төрлийн бүтээгдэхүүний 4.6 хувьд нь лабораторийн хяналт, шалгалт хийж байгаа талаар холбогдох албаныхан мэдээлжээ.

Энэ нь импортын хүнсний бүтээгдэхүүний 95.4 хувьд нь лабораторийн хяналт, шалгалт хийгдэхгүй байна гэсэн үг. Гэхдээ энэ нь тухайн бүтээгдэхүүнүүд огт хяналтгүй гэсэн үг биш гэдгийг онцоллоо. Учир нь импортолж буй улс орнууддаа бүтээгдэхүүнээ хянуулж, холбогдох байгууллагаас экспортлох зөвшөөрөл авдаг байна.

Гэсэн хэдий ч Монгол Улс дотоодын болон импортын хүнсний бүтээгдэхүүнд ямар ч тохиолдолд 100 хувийн хяналт тавих ёстой гэсэн байр суурийг Шадар сайд Н.Номтойбаяр илэрхийлэв.