Уламжлалт мал аж ахуй, нүүдлийн соёлыг орчин үеийн технологи, цахим орчинтой хослуулан олон нийтэд хүргэж буй залуу малчид сүүлийн жилүүдэд олширч байна. Тэд зөвхөн мал маллаж амьдрахаас гадна өөрсдийн өдөр тутмын амьдрал, ахуй соёл, малын ашиг шим, хөдөө нутгийн үнэ цэнийг дэлхийд харуулахыг зорьж буй.
Малчны хотноос цахим орчинд идэвхтэй болж, “Монголдоо, тэр дундаа хөдөөд сайхан амьдарч болно” гэдгийг өөрсдийн амьдралаар харуулж яваа залуусын төлөөлөл болох Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын малчин Б.Нямбаяртай ярилцлаа.
Малчны хотноос эхэлсэн тэдний өдөр тутмын амьдрал өнөөдөр олон хүнд хүрч, хөдөө нутгийн үнэ цэнэ, Монгол ахуйн онцлогийг шинэ өнцгөөс харуулж байна.
“Хүүхдээ эрүүл, цэвэр орчинд өсгөх сонголт хийсэн”
– Юуны өмнө өөрийгөө болон гэр бүлээ бидэнд танилцуулахгүй юу, малчны амьдралыг хэзээнээс сонгож, хөдөө нутагтаа ирсэн бэ?
Намайг Б.Нямбаяр гэдэг. Нөхөр, хүүхдийн хамт Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын тавдугаар багт мал маллан амьдардаг. Манай нөхрийг Э.Санчир-Эрдэнэ гэдэг. Бид одоо долоо дахь жилдээ хамт амьдарч байна. Манайх 2024 он хүртэл Улаанбаатар хотод амьдарч байсан. Хүүгээ төрөхөөс нэг сарын өмнө нутагтаа ирсэн.Хотод байхдаа бид хоёр их сургууль төгсөөд, мэргэжлээрээ ажилладаг байлаа. Өөрөөр хэлбэл хотын амьдралтай, ажил мэргэжилтэй хүмүүс байсан. Гэхдээ хүүхэдтэй болоод хотын утаатай орчинд өсгөнө гэхээр үнэхээр хэцүү санагдсан. Тэгээд хүүхдээ эрүүл, цэвэр орчинд өсгөх сонголтыг хийсэн.
– Залуучууд мал аж ахуй эрхлэхэд ямар давуу талтай гэж боддог вэ? Мөн ямар бэрхшээл тулгардаг вэ?
Залуу хүмүүс мал аж ахуй эрхлэхэд давуу тал маш их. Өөрсдийн гараар боловсруулсан цэвэр, ашиг шим өндөртэй хүнсний бүтээгдэхүүн хэрэглэнэ. Мөн төв суурингийн стресс зарим асуудлаас ангид, үргэлж байгалийн сайханд өдөр хоног өнгөрнө. Байгальтай ойр байна гэдэг өөрөө маш том давуу тал. Гэхдээ сул тал ч бий. Нүүдэл суудал хийх ачааны машинаас эхлээд дутагдах зүйл их. Зудтай жил бүр ч хүнд байдаг. Мөн тогтмол орлогогүй байх зэрэг бага сага асуудал бий. Гэхдээ боломжоо зөв ашиглавал нэмэлт орлого олох боломжтой санагддаг. Жишээлбэл намартаа өвс их бэлтгэж, өвлийн улиралд зарах боломжтой. Одоо цагт контент хийх нь ч бас манай гэр бүлийн нэмэлт орлого олох нэг боломж болж байна.
– Таныг малчны амьдралаа цахим орчинд хуваалцаж эхлэхэд юу нөлөөлсөн бэ?
Анх “Малчны хотноос дэлхийд хүрнэ” гэсэн агуулгатай нэгэн эмэгтэйн бичлэгийг нийгмийн сүлжээнээс үзээд цахимд рийл бичлэг хийх санаа төрсөн юм.Тэгээд залуу малчин гэр бүлүүдээ төлөөлөөд өөрсдийн амьдралыг харуулахыг хүссэн. Би гэртээ юу хийдэг, гараад малын хашаа хороогоо хэрхэн арчилж торддог, малаа яаж маллан, бэлчээрлүүлдэг зэрэг өдөр тутмын амьдрал, мал аж ахуйгаа бичлэг болгон нийтэлдэг болсон. Энэ бол бидний бодит амьдрал. Зүгээр нэг үзүүлэх гэж хийж байгаа зүйл биш.
“Контент хийх нь гэр бүлийн амьдралд ч эерэг өөрчлөлт авчирсан”
– Цахим контент хийж эхэлснээр танай гэр бүлд ямар өөрчлөлт гарсан бэ?
Контент хийх нь гэр бүлийн уур амьсгал, эмх цэгц, цэвэр нямбай байдалд ч эерэг нөлөөтэй юм байна лээ. Мөн өрхийн орлогод нэмэртэй. Үүнээс гадна нийгмийн харилцаа сайжирдаг.
Биднийг сумандаа очиход танихгүй хүн байдаггүй болсон. Анх нөхөр маань “Гурван төмс” гэсэн нэр өгч байсан. Одоо хүмүүс “Гурван төмсөө, сайн уу” гээд л мэндэлдэг. /инээв/
Хүмүүсийн ингэж дотно хүлээж авч байгаа нь их сайхан санагддаг. Хамгийн том давуу тал хангай нутагтаа эмийн ургамлаар идээшэн бэлчсэн мал сүргийнхээ шимийг нийгмийн сүлжээний тусламжтайгаар, ченжийн гар дамжуулахгүй борлуулах боломж бүрдэж байгаа.
“Хөдөөгийн амьдрал бол Монголын дэлхийд ялгарах ондоошил”
– Таны бичлэгүүдийг хүмүүс хэрхэн хүлээж авч байна вэ?
Бичлэгийг маань гэр бүл, найз нөхдөөс гадна хотын хүмүүс, гадаадад байгаа монголчууд, малчид шимтэн үзэж, дэмжиж байгаа нь урамтай санагддаг. Манай жижигхэн “төмс”-ийг хүмүүс их өхөөрддөг. Хөдөөгийн амьдрал бол Монгол Улсын дэлхийд ялгарах ондоошил гэж боддог. Үүнийг орчин үеийн арга барилтай хослуулан түгээн дэлгэрүүлж байгаадаа маш их баяртай байна.
“Тэр их ажлын хажуугаар камер барина гэдэг их зүтгэл шаарддаг”
– Өдөр тутмын амьдралаа бичлэг болгон хүргэхэд хамгийн хэцүү зүйл нь юу байдаг вэ?
Мал төллөх, нүүдэл суудал хийх үеэр бичлэгээ хийж чадалгүй өдөр оволзоод өнгөрчих үе их байдаг.Тэр их ахуйн ажлын хажуугаар камер бариад явна гэдэг их зүтгэл шаарддаг юм билээ. Малчин хүний амьдралд хийх ажил дуусахгүй. Зарим өдөр юу хийснээ ч анзаарахгүй өнгөрөх үе байна. Гэхдээ хүмүүсээс ирдэг сэтгэгдэл, дэмжлэг маш их урам өгдөг. Одоо үед ахуйн соёлоо ингэж гоё таниулаад, авч үлдэж байгаад маш их талархаж, бахархаж байна гэсэн сайхан сэтгэгдлүүд их ирдэг. Тэр бүрд бидний хийж байгаа зүйл үнэ цэнтэй юм байна гэж мэдэрдэг.
“Хөдөөний бидэнд амралтын өдөр гэж бараг байдаггүй”
– Малчин айлын амьдралын хэмнэл ямар байдаг вэ, амрах зав зай гарч байна уу?
Хөдөөний бидэнд амралтын өдөр гэж байхгүй. Хотын хүмүүс шиг хагассайн, бүтэнсайн гэх амралтын өдөр байдаггүй, бараг он сар өдрөө ч заримдаа мартчихдаг.Улирлын чанартай зарим үед амрах тохиолдол гарна. Гэхдээ мал аж ахуй гэдэг өөрөө амьдралын нэгэн хэв маяг. Өдөр бүр хийх зүйлтэй, хариуцлагатай ажил гэж боддог.
“Хүүхдийнхээ бага насны хөөрхөн мөчүүдийг ингэж хадгалж үлдээж байгаадаа баярладаг”
– Танай бичлэгүүдээс хүүхдийн тань хэсгүүд хүмүүсийн анхаарлыг их татдаг. Энэ тухай яривал?
Хүүхдийн маань бичлэгүүд их сайн хандалт авдаг. Бүх л үйлдэл нь үзсэн, харсан хүн болгоны хайрыг татаад байгаа юм шиг санагддаг. Манай хүүгийн бууз чимхэж байгаа бичлэг байдаг юм. Би бичлэг хийж эхлээд удалгүй авч байсан. Буузны гурилан дээр чимхэх санаатай мах тавиад байдаг, гэхдээ мах нь гулсаад л уначихна. Тэгээд өөрөө тэр гулсаж унаж байгаагаа дагаад хараад байдаг нь их хөөрхөн. Уураг идэж байгаа бичлэг ч бас их өхөөрдөм. Хүүхдийнхээ бага насны хөөрхөн мөчүүдийг бас ингэж хадгалж үлдэж байгаадаа баярладаг. /инээв/
“Хангай нутагтаа би их хайртай”
– Та өөрөө багадаа малчин айлын хүүхэд байсан гэсэн. Хөдөөтэй холбоотой хамгийн дотно мэдрэмж тань юу вэ?
Би багадаа малчин айлын л охин байсан. Хониндоо явах үедээ байгалиас асар их тайвшрал мэдэрдэг байсан юм шиг санагддаг. Хүүхэд байхдаа мэдэрсэн тэр тайван, сайхан мэдрэмж одоо ч надад байдаг. Хангай нутагтаа их хайртай даа. Энд амьдрахдаа байгальтайгаа ойр байхын үнэ цэнийг улам их мэдэрч байна.
– Хөдөө амьдралд гэр бүлдээ цаг гаргах, хосуудын харилцаагаа хадгалах боломж хэр байдаг вэ?
Хөдөө амьдарч байгаа нөхөр бид хоёрт болзоо гэж бараг л байхгүй дээ. Гэхдээ заримдаа кино үзээд тухлаад сууна. Надад гэхдээ сум, аймгийн төв орох замд машинд ярилцаад явах их гоё санагддаг. Одоо тулгарч байгаа асуудал, тухайн үед үл ойлголцсон зүйл, цаашдын зорилго гээд л ярилцаад замаа туулах тэр үе бид хоёрын болзоо юм уу даа. Их үр өгөөжтэй болзоо. /инээв/
“Хөдөө нутгийн сайхныг мэдрүүлэхийг хүсэж байна”
– Цаашдын зорилго, төлөвлөгөө тань юу вэ?
Манай гэр бүл шинэ зорилготой болсон. Зун манайхыг зорьж ирэх хүсэлтэй хүмүүс их ханддаг. Тиймээс ахуйн соёл, хөдөө нутгийн сайхныг мэдрүүлэхээр хүмүүсээ хүлээж авах бэлтгэл хийж байна. Гэр бариад, ирсэн хүмүүст хөдөөний амьдрал, малчны ахуй, байгальтай ойр амьдрах мэдрэмжийг хүргэхийг хүсэж байгаа. Бидний амьдрал бол зүгээр нэг мал маллах биш. Монголын өв соёл, ахуй амьдралыг хадгалж, дараагийн хүмүүст хүргэх нэг хэсэг гэж боддог.








Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!