Монгол Улсын Засгийн газар, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны шийдвэр, Мал эмнэлгийн ерөнхий газрын хэрэгжүүлж буй шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх арга хэмжээний хүрээнд ОХУ-ын Мал, амьтны эрүүл мэндийг хамгаалах холбооны улсын төв (FGBI "ARRIAH")-д 2026 оны 7 дугаар сард үйлдвэрлэсэн, 2.0 сая тун О, SAT-1 хэвшлийн шүлхий өвчнөөс сэргийлэх вакциныг 2026 оны 7 дугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар хот дахь “Интердесишн” гаалийн хяналтын талбайд хүлээн авав.

Ингэснээр, вакциныг тусгай зориулалтын хөргүүртэй тээврийн хэрэгслээр 2026 оны 7 дугаар сарын 25–27-ны өдрүүдэд холбогдох аймаг, орон нутагт бүрэн хүргэх ажлыг шуурхай зохион байгуулж, Мал эмнэлгийн ерөнхий газрын даргын 2026 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн “Шүлхий өвчнөөс сэргийлэх яаралтай дархлаажуулалт зохион байгуулах тухай" А/203 дугаар тушаалын дагуу өнөөдрөөс /2026.07.27/ эхлэн нэмэлт дархлаажуулалтын ажлыг эхлүүлээд байна.  

Дархлаажуулалтад дараах эрсдэл бүхий бүс нутгийн мэдрэмтгий мал сүрэг хамрагдана. Үүнд, Баян-Өлгий аймгийн 4 сумын 683.7 мянган толгой мэдрэмтгий мал, Ховд аймгийн 8 сумын 1.0 сая толгой мэдрэмтгий мал, Говь-Алтай аймгийн 110.0 мянган толгой үхэр, Увс аймгийн 283.3 мянган толгой үхэр, Завхан аймгийн 284.4 мянган толгой үхэр сүрэг нийт 2.3 сая гаруй мал хамрагдах юм.