Амьдралд бид ихэнхдээ өөр өөрийн өнцгөөс дүгнэлт хийдэг. Өөрийн мэдэрснээрээ зөв, өөрийн үзсэнээрээ үнэн гэж бодох үе цөөнгүй. Гэвч аливаа зүйл зөвхөн нэг өнцгөөс харахад бүхэлдээ ойлгогдохгүй.  Нэг алхам ухраад, хажуугаас нь ажиглахад өмнө нь анзаарагдаагүй учир шалтгаан, үнэ цэн, сургамж илүү тодорч харагдаж магад. 

Заримдаа хэн нэгний ширүүн үгний цаана хэлж амжаагүй зовлон. Амжилтын цаадах олон удаагийн бүтэлгүйтэл, харин бүтэлгүйтлийн цаана дараагийн том боломж нуугдаж буй. Хэрэв бид зөвхөн өнгөн хэсгийг нь хараад дүгнээд өнгөрвөл үнэнтэй хэзээ ч бүрэн нүүр тулж чаддаггүй.

Өнөөдрийн нийгэмд мэдээлэл хурдан түгдэг болсон ч бодож тунгаах хугацаа улам багассан мэт. Хэн нэгний тухай ганцхан бичвэр, зураг, яриагаар бүхнийг мэддэг мэт хандах нь элбэг. Гэвч үнэнийг ойлгохын тулд илүү их сонсож, илүү бага шүүмжилж, илүү өргөн өнцгөөс харж сурах нь ус агаар мэт. 

Амьдрал яг уул шиг. Оргил дээрээс харах нэг дүр зураг бий, бэлээс нь харах өөр дүр зураг бий. Аль аль нь худал биш ч, аль аль нь дангаараа бүх үнэнийг илэрхийлэхгүй. Тиймээс аливааг зөвхөн өмнөөс нь бус, хажуугаас нь, цаанаас нь, бас бусдын нүдээр харахыг хичээх нь илүү ухаалаг сонголт.

Өнөө өглөө өөрөөсөө нэг зүйл асуугаарай. Би өнөөдөр шүүмжлэхээсээ өмнө ойлгож чадах уу? Дүгнэхээсээ өмнө сонсож чадах уу? Өөрийн өнцгөөс гадна өөр нэг өнцгийг олж харж чадах уу? 

Өнөөдрийн тань харах өнцөг маргаашийн тань бодол, шийдвэр, бүр амьдралыг хүртэл өөрчилж мэднэ. Тиймээс яаравчилсан дүгнэлтээс илүү ухаалаг ажиглалт, шүүмжлэлээс илүү ойлголт, өөрийгөө зөвтгөхөөс илүү бусдыг ойлгохыг сонгоорой.