Өмнөд Европыг хамарсан хэт халалтын улмаас Испани, Франц улсад ой, хээрийн түймэр эрчимтэй дэгдэж, олон мянган хүнийг аюулгүй бүсэд нүүлгэн шилжүүлээд байна. Харин Японд агаарын хэт халалтын улмаас наранд цохиулсан байж болзошгүй иргэдийн тоо эрс өсөж, түргэн тусламжийн ачаалал түүхэн дээд хэмжээнд хүрчээ.
Испанийн Каталони, Андалуси мужуудад агаарын температур 40 хэмээс давж, хүчтэй салхи түймрийн тархалтыг улам эрчимжүүлсэн байна. Эрсдэлтэй бүсийн олон зуун оршин суугчийг яаралтай нүүлгэн шилжүүлж, Иргэний хамгаалалтын байгууллагаас түймрийн эрсдэлийг “нэн аюултай” түвшинд хүрснийг анхааруулжээ.
Францын баруун өмнөд хэсэгт, Бордо хотын баруун талд 2,000 га орчим талбайг хамарсан ой, хээрийн түймрийн улмаас 10 мянга гаруй хүнийг шөнийн турш нүүлгэн шилжүүлсэн байна. Гал түймэр жуулчдын олноор зорьдог Аркашоны булангийн ойролцоо гарсан бөгөөд нүүлгэн шилжүүлэгдсэн иргэдийн ихэнх нь кемпэд амарч байсан жуулчид байжээ. Одоогоор 500 гаруй гал сөнөөгч түймрийг унтраахаар ажиллаж байгаа бөгөөд хүний амь нас, эрүүл мэндэд хохирол бүртгэгдээгүй гэж орон нутгийн эрх баригчид мэдээлсэн байна.
Статистик мэдээллээр Европ тивд энэ онд түймэрт өртсөн талбайн хэмжээ сүүлийн 20 жилийн дунджаас аль хэдийн давсан бөгөөд тив энэ зуны гурав дахь хүчтэй халалтын давлагаатай нүүр тулж байгаа юм.
Харин Японы нийслэл Токиод ганцхан хоногийн дотор наранд цохиулсан байж болзошгүй 261 хүнийг эмнэлэгт хүргэжээ. Мөн аврах алба 3,454 түргэн тусламжийн дуудлага хүлээн авсан нь 1963 оноос хойш бүртгэгдсэн хамгийн өндөр үзүүлэлт болсон байна.
Эх сурвалж: Reuters








Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!