Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж, хуралдаанаас гаргасан шийдвэрийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэн, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан нар танилцууллаа.

Энэ үеэр Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан гэр хорооллын янданг бууруулах зорилготой Засгийн газрын “100 мянган орон сууц” үндэсний хөтөлбөрийг хэлэлцэж, дэмжсэн талаар мэдээлэв.

Тус хөтөлбөрийг 2026-2030 онд хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.

Мөн зорилтот бүлгийн иргэдэд чиглэсэн “Солонго-1, 2” төслийн хүрээнд түрээсийн болон түрээслээд өмчлөх нөхцөлтэй орон сууцанд хамрагдах иргэдээс урьдчилгаа төлбөр авахгүй гэдгийг онцоллоо.

Түүнчлэн орон сууцны мкв үнийг 4.428.000 төгрөгөөс 3.900.000 төгрөг болгон бууруулсан байна.