С.Эрдэнийн огцрох 15 үндэслэл

Админ
2019/06/03

Модернист яруу найрагч Б.Галсансүх “Надад үхэх долоон шалтгаан хэрэгтэй” хэмээн шүлэглэсэн нь бий. Түүн шиг олигархи удирдагч С.Эрдэнэд огцрох 15 шалтгаан хэдийнэ бий болжээ. Үүнийг нь олон нийт эртнээс түүнд хэлж, сануулж байсан ч буруугаа хүлээж, алдаагаа засахын оронд булзааруулж, бултан, дөргүй бух шиг зүтгэсээр буй юм. Ардчилсан намынх нь гишүүд, дэмжигчид аргаа бараад тэмцэж, шаардаж эхлэв. Үүний илрэл нь Ардчилсан намын шинэчлэлийн хөдөлгөөнийхөн өнгөрсөн тавдугаар сарын 06-нд Ардчилсан намын дарга С.Эрдэнэд 15 үндэслэл бүхий огцрох шаардлага өгч, намын Онц их хурлыг хуралдуулахыг шаардсан явдал. Монголын ардчиллын цайз хэрэм болсоор ирсэн Ардчилсан нам дотоод ардчилал хийгээд гадаад нэр хүнд үгүй болж, гишүүд, дэмжигчдэдээ гологдон, олон нийтэд чамлагдан, оноо, рейтингийнхээ ёроолд унасан нь С.Эрдэнэ даргатай нь шууд холбоотой. Тиймээс л С.Эрдэнийн есөн шид нь бүрдэж, 15 шалтаг нь бүрэлджээ гээд байгаа хэрэг. Ардчилсан намын даргын огцрох нөхцөлийг бүрдүүлээд буй энэхүү 15 үндэслэл, шалтгааныг дурдъя.


 

  1. C.Эрдэнэ, Д.Эрдэнэбат нар МАНАН мафийн хамсаатан болов. Тэд МАН-ын “60 тэрбум”-ын бүлэглэлийг өмгөөлсөн улс төрийн байр суурь илэрхийлж, УИХ дээр М.Энхболдыг хамгаалсан санал өгч, шүүх, прокурор, АТГ-ын   авилгач удирдлагыг өмөөрсөн мэдэгдэл, үйлдлүүдээрээ МАНАН мафийн хамсаатан болохоо удаа дараа нотолсон юм.  Тухайлбал, М.Энхболдыг огцруулах асуудлыг хэлэлцсэн байнгын хорооны хурал дээр Ц.Эрдэнэбат гишүүн М.Энхболдыг шууд хамгаалж “Огцруулах үндэслэл байхгүй” хэмээн мэдэгдэж байсан бол С.Эрдэнэ чуулганы хуралдаан дээр М.Энхболдыг илт өмгөөлсөн үг хэлж, түүнээс галыг холдуулахын тулд МАНАН-гийн гол зохион байгуулагч Н.Нямдорж огцор хэмээн тэс хөндлөн шаардлага тавьж суусан юм.
  2. Ардчилсан намыг бүлэггүй болгов. С.Эрдэнэ, Д.Эрдэнэбат нар МАНАН мафийн эрх ашгийг хамгаалсан санал өгөхийг УИХ-ын дахь бүлгийн гишүүддээ хүчээр тулгаж, ардчилсан парламентат ёсонд үл нийцэх бүдүүлэг  үйлдэл гаргасан юм. С.Эрдэнэ улмаар ард түмний язгуур эрх ашгийн төлөө санал өгсөн Л.Болд, Ж.Батзандан нарыг намаас хөөснөөр УИХ-д Ардчилсан нам бүлэггүй болсон билээ. Ингэснээр парламент дахь сөрөг хүчний хяналтын тогтолцоо үгүй болсон. Энэ нь хэнд ашигтай байсан нь тодорхой бөгөөд Ардчилсан намын дарга энэ үйлдлээрээ МАНАН мафийнхандаа дураараа дургих боломж олгосон гэж олон нийт харж байна.  
  3. С.Эрдэнэ Эрдэнэтийг 49 хувийн луйврыг хамгаалсан. Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг худалдаж авах давуу эрхээсээ Монгол Улсын Засгийн газар татгалзаж, Худалдаа хөгжлийн банкны хамаарал бүхий компанид өгөхөд С.Эрдэнэ, Д.Эрдэнэбат нар Засгийн газрын гишүүнээр ажиллаж байсан юм. Тэд өнөөдрийг хүртэл энэхүү хууль бус, луйврын бөгөөд хулгай дээрмийн үйлдлийг зөвтгөн хамгаалсаар байгаа нь сэжиг төрүүлдэг. Тухайлбал, У.Хүрэлсүхийн Засгийн газар энэ оны эхээр Эрдэнэтийн 49 хувийн асуудлыг сөхөж, Эрдэнэт үйлдвэрт онц байдал тогтоон шалгалт явуулахад Ардчилсан намын дарга С.Эрдэнэ бачимдан сандарч, 49 хувийн эсрэг 51 хувийн асуудлыг сөхөн гаргаж, өөрийн мэдлийн хэвлэлээрээ өдөр шөнөгүй бичүүлсэн байдаг. Айсан хүнд аргал хөдөлдөг. С.Эрдэнэ даргад аргал байтугай хөдлөхөөр айдас бий гэдгийг Эрдэнэтийн 49 хувийн хэрэг харуулсан. Энэхүү хулгай, дээрмийн үйлдлээ хамгаалан улайрах тусам нь Ардчилсан намын нэр хүнд унасаар байгаа нь харамсалтай.
  4. ШХАБ-ыг улс  төржүүлэн нийгмийг талцуулав. Монгол Улс Шанхайн хамтын ажиллагааны байгууллагад элсэх асуудал албан ёсоор хэлэлцэгдээгүй байхад  С.Эрдэнэ, Ц.Элбэгдорж тэргүүтэй хүмүүс шөнө дөлөөр яаран хэвлэлийн бага хурал зарлан мэдэгдэл хийж, жагсаал зохион байгуулж  “Монгол Улсыг ШХАБ-д элсүүлж БНХАУ-д зарлаа” гэх хариуцлагагүй мэдэгдэл хийж намын гишүүд, дэмжигчдийг  Монгол Улсын Ерөнхийлөгчийн эсрэг хандуулан, нийгмийг санаатайгаар талцуулан хувааж, Монгол Улсын гадаад бодлогод хортой, туйлын хариуцлагагүй үйлдэл хийснийг иргэд мартаагүй. С.Эрдэнэ ийнхүү өөрийн байр сууриа Ардчилсан намынх мэт олон нийтэд зарласан нь намынх нь олон мянган гишүүдийн дургүйцэл эгдүүцлийг төрүүлсэн билээ. 
  5. “Капитал” банкны луйвар. С.Эрдэнэ УИХ-ын гишүүн болохоосоо өмнө Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргаар ажиллаж байсан. Мөн 2012-2016 онд Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд бөгөөд нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн даргаар ажилласан юм. Энэ хугацаанд албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашиглаж дампуурсан “Капитал” банканд нийгмийн даатгалын мөнгийг байршуулан, улмаар өөртөө давуу байдал бий болгож, их хэмжээний мөнгө завшсан хэрэгт хардагдаж, намынхаа нэр хүндийг дахин шороонд хутгав. Товчхондоо бол С.Эрдэнэ МАН-ын удирдлагуудтай нийлж төрийн мөнгийг салхинд хийсгэсэн гэсэн үг. “Капитал” банканд байршуулсан нийгмийн даатгалын энэхүү 240 тэрбум төгрөг нохойн замаар орох нь гэдгийг УИХ-ын нэр бүхий гишүүд урьдчилан сануулж байсан юм. Тухайлбал, Н.Номтойбаяр гишүүн “Тэтгэвэр авдаг хүмүүсийн мөнгийг янз бүрийн банканд байршуулж байна. Үүнээс болж эрсдэл үүсч байна, Их хэмжээний мөнгө алга болох эрсдэлтэй байгаа” хэмээн сүүлийн хоёр, гурван жил мэдэгдэж байсан ажээ. Энэ бол С.Эрдэнэтэй шууд холбоотой сануулга байв. С.Эрдэнэ Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдаар томилогдсоныхоо дараа Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийг толгойлох болсон юм. Энэ зөвлөлөөс иргэдийн тэтгэвэр, эрүүл мэндийн даатгалын мөнгийг арилжааны банканд хадгалуулах журам гаргаж, С.Эрдэнэ гарын үсэг зуран баталгаажуулсан байдаг. Ийм журам баталж аваад тэтгэвэр, эрүүл мэндийн даатгалын мөнгийг аль банканд байршуулахыг хүртэл С.Эрдэнэ сайд өөрөө зааж өгдөг байсан гэдэг. “Капитал” банкны хувьд нэлээд хэдэн жилийн өмнөөс үйл ажиллагаа нь хүндэрч доголдож эхэлсэн бөгөөд ийм банкийг сонгож нийгмийн даатгалын 240 тэрбумыг байршуулна гэдэг ашиг сонирхлын зөрчил гэх үндэстэй. С.Эрдэнийн энэ хэрэг АТГ-т очсон тул удахгүй хар, цагааныг нь ялгаж, зөв бурууг нь тунгаах бизээ. УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр гурван жилийн өмнө “С.Эрдэнэ та нас барсан иргэдийн нэр дээр Нийгмийн даатгалын сангаас мөнгө авдаг, завшдаг, мөнгө байршуулдаг, зээл авдаг бузар булай юм их хийсэн. Тэр чинь удахгүй ил болно. Бид нотолно. Матрын нулимс унагах хэрэггүй. Удахгүй Монголын нийгэм өөрийг чинь танина, таниулна. Наад улс төр чинь явахгүй” хэмээн хэлж байсан нь хэвлэлийн хуудаснаа дурайж буй. Үнэхээр С.Эрдэнийн булхай, луйврын ил болох нь ил болж, нотлогдох нь нотлогдож, тар нь танигдаж, цар нь мэдэгдэж эхэлжээ.

  1. Ардчилсан нам Худалдаа хөгжлийн банкны гарт оров. Ардчилсан намын бүхий л бодлого, шийдвэр, үйл ажиллагаа Худалдаа хөгжлийн банк болон цөөн олигархуудын захиалгаар хийгддэг болжээ. Ардчилсан нам МАНАН мафийн эрх ашгийг хамгаалах хэрэгсэл болж хувирав. Үүнийг хэдхэн баримтаар тодруулъя. Худалдаа хөгжлийн банкны захирал О.Орхон Ардчилсан намын Сүхбаатар дүүргийн дэд дарга, Улс төрийн зөвлөлийн гишүүн, Үндэсний бодлогын хорооны гишүүн бол Худалдаа хөгжлийн банкны ерөнхийлөгч Б.Мэдрээ Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны гишүүн. Үүгээр зогсохгүй Худалдаа хөгжлийн банкны эзэн Д.Эрдэнэбилэгийн эхнэр И.Мэндбаяр Ардчилсан намын Хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж буй аж. Мөн Худалдаа хөгжлийн банкны Д.Эрдэнэбилэгийн хүн гэгддэг Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн захирал Д.Батжавхлан Сэлэнгэ аймгийн Ардчилсан намын дарга бөгөөд Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны гишүүн юм байна.

Эндээс харахад Ардчилсан намын бодлого, шийдвэрт Худалдаа хөгжлийн банк шууд оролцдог болсон нь харагдана. Ардчилсан нам нэг ёсондоо тус банкны нэг салбар нэгж шиг болжээ. Гэхдээ мэдээж энэ бол Ардчилсан намын удирдлагын түвшинд гэсэн үг.    

7.Ардчилсан намын нэр хүнд 7 хувь болж навс унав. Судалгааны байгууллагуудын дүнгээс үзэхэд С.Эрдэнийг намын дарга болсон мөчөөс эхлэн Ардчилсан намын рейтинг тасралтгүй унасаар, түүхэнд байгаагүй хамгийн доод төвшинд буюу 7 хувьд хүрчээ.Өнөөгийн намын удирдлагад намын гишүүдийн итгэл алдарч,  ард түмний дэмжлэг үгүй боллоо.

  1. Аймаг, сум, дүүргийн дахин болон нөхөн сонгуулийн дийлэнхэд ялагджээ. С.Эрдэнийг Ардчилсан намын даргаар ажилласан хугацаанд Баян-Өлгий, Хөвсгөл, Дорноговь, Булган, Дундговь, Төв, Ховд, Хөвсгөл аймгууд болон Улаанбаатар хотод явагдсан аймаг, сум, дүүргийн ИТХ-ын 65 суудлын төлөөх нөхөн болон дахин сонгуулийн 52 суудал буюу 80 гаруй хувьд Ардчилсан нам ялагдал хүлээжээ. Энэ бол Ардчилсан намын өнөөгийн удирдлагад өгсөн ард түмний үнэлгээ, том сануулга.
  2. Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-ын дарга М.Энхболдыг дэмжсэн нь. С.Эрдэнэ намын даргын хувьд аливаа сонгуулийн компанит ажлыг удирдан зохион байгуулж манлайлан оролцох үүрэгтэй байтал 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар үйлдэл болон эс үйлдлээрээ өөрийн намын нэр дэвшигчийнхээ эсрэг ажилласан болохыг намын олон гишүүд нотолж байгаа юм. Тэрээр Ардчилсан намынхаа нэр дэвшигчийг дэмжиж буй дүр эсгэж, бодит байдал дээр МАНАН мафийн толгойлогч М.Энхболдыг далдуур дэмжин ажилласан гэж Ардчилсан намын гишүүд, дэмжигчид үзэж байгаа ажээ.
  3. Намын даргын сонгуулийг луйврын сонгууль болгов. Намын даргаар сонгогдохдоо мөнгө, ноолууран эдлэл тарааж, нийгмийн даатгал, халамжийн сүлжээг ашиглан намын гишүүн бус хүмүүсийг өөрийнхөө төлөө санал өгүүлж дүрэм, журмыг ноцтой зөрчсөн байна. Түүнчлэн Ардчилсан намынхаа олон гишүүнийг санал өгүүлэлгүй бөөнөөр нь жагсаалтаас хасах, зарим дүүрэгт санал тоолох үйл ажиллагаанд нөлөөллөө оруулж, өөр дээрээ хэдэн зуун санал нэмж тоолуулсан гэх мэтээр санал луйвардах бохир аргыг хэрэглэснийг нь намынх нь гишүүд тухайн үед хэлж, шүүмжилж, эсэргүүцлийн жагсаал хүртэл зохион байгуулж байв.

Түүнчлэн УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл Ардчилсан намын даргад нэр дэвшигч С.Эрдэнэ санал авахын тулд мөнгө тараасан тухай бичлэгийг цахим хуудсаараа түгээж байсан билээ. С.Эрдэнийг ийнхүү булхай залхай хослуулан байж Ардчилсан намын даргын сунгаанд нэгээр гарч ирэв үү үгүй юү МАН-ын дарга М.Энхболд мөнгөн аяга, хадаг барин очиж баяр хүргэсэн байдаг. МАНАН мафийнхан С.Эрдэнэдээ баяр хүргэхээс өөр яах билээ.

  1. Намынхаа дүрмийг орондоо ч, ордондоо ч засдаг. АН-ын 7-р Их хурлаар баталсан Үндсэн дүрмийг Улсын Дээд шүүхэд бүртгүүлэхдээ засварлаж эрх дархаа хамгаалсан өөртөө ашигтай олон заалт оруулж намын Их хурлын бүрэн эрхэнд халдсан гэж Ардчилсан намын Онц их хурал зохион байгуулах хороо, Ардчилсан намын шинэчлэл хөдөлгөөнийхөн С.Эрдэнийг буруутгаж буй. Энэ бол маш ноцтой үйлдэл. Намынхаа их хурлын шийдвэрийг дураараа өөрчилчихдөг, Олонхиороо хэлэлцэж баталсан дүрмийг Нямдорж сайд шиг орондоо ч засаад, ордонд суухдаа ч өөрчлөөд, олноос нуун батлуулчихна гэдэг увайгүй гэхэд багадах хэрэг билээ.
  2. Намынхаа дүрмээс хариуцлагын заалтыг хасчээ. Ардчилсан намын Ажлын хэсгийн боловсруулсан шинэчилсэн дүрэмд намын даргад 2 жил тутам Намын их хурлаар итгэл үзүүлэх эсэх асуудлыг хэлэлцэнэ гэж заасныг хасаж, хариуцлагаас зугтсан байна. Энэ бол С.Эрдэнийн хэмжээгүй эрхэт, хязгааргүй хугацаат хаан лугаа адил Ардчилсан намын даргаар насан туршид суух гэсэн санаархал нь. Намын даргадаа хоёр жил тутам Их хурлаас итгэл үзүүлж байх нь ардчиллын нэг шалгуур. Гэтэл энэ заалтыг хасна гэдэг Ардчилсан намыг ганц хүний нам болгох гэсэн оролдого гэхээс өөр аргагүй. С.Эрдэнийн энэ увайгүй үйлдэлд зэвүүцсэн олон нийг Ардчилсан нам Баянгол дүүргийн араас орж, Эрдэнийн эзэмшил, эдлэн болох нь хэмээн ярьж байна.
  3. Таалалд нь нийцээгүй гишүүнээ тасдаж хөөдөг болов. Ардчилсан намын Үндсэн дүрмийн хорооны гишүүд намын Их хурал дээр өөрсдөө нэр дэвшин сонгогдож ажиллана гэсэн дүрмийн заалтыг С.Эрдэнэ өөрчилж намын дарга санал болгож байгуулна гэж томъёолжээ. Энэ ньнамын хяналтын тогтолцоог устгаж, хүссэн хүнээ намаас хасдаг, гишүүдийнхээ эрхэнд халддаг болсон гэсэн үг. Энэ засварласан заалтаа тэрээр өөрийг нь шүүмжилсэн, өөрт нь таалагдаагүй хэн бүхний эсрэг зэвсэг болгон ашиглажээ. Өнгөрсөн 2 жилийн хугацаанд С.Эрдэнэ ихэнх аймаг, дүүргийн намын даргыг огцруулж үүрэг гүйцэтгэгч нэрээр хамаатан садан, хүү, хүргэн, жолооч, туслах, тойрон хүрээлэгчдээ томилж орон нутгийн намуудыг хагалан бутаргасан байна. Ардчилсан нам ийнхүү шударга гишүүддээ нударга үзүүлж, С.Эрдэнийг ураг төрөл, ойр тойрныхноор дүүрчээ. Тухайлбал, С.Эрдэнийн эхнэр Баянгол дүүргийн Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны дарга, хүргэн нь Баянгол дүүргийн Ардчилсан намын даргын үүрэг гүйцэтгэгч, хүү нь Хан-Уул дүүргийн Ардчилсан намын дэд даргаар ажилладаг. Мөн Дорнод аймгийн Ардчилсан намын дарга нь Улаанбаатараас аваачсан, С.Эрдэнийн албат ажээ. Тус аймгийн Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны дарга нь Баянгол дүүргийн ТҮК-д ажиллаж байсан, одоо ч ажиллаж байгаа хүнийг тавьжээ. Дорнод аймгийн Хэрлэн сумын Ардчилсан намын дарга нь мөн Баянгол дүүргийн хүн байдаг.
  4. Ротацийн сонгууль хэлбэр төдий болов. Ардчилсан намын Дотоод сонгуулийн хорооны гишүүд намын Их хурал дээр өөрсдөө нэр дэвшин сонгогдож бие даасан хараат бус байдлаар ажиллана гэсэн дүрмийн заалтыг мөн дээрхийн адилаар дур мэдэн өөрчилж намын дарганэрсийг санал болгож байгуулна­­гэснээр Дотоод сонгуулийн хороог даргын захиалга биелүүлдэг тоглоомын байгууллага болгосон байна. Ингэснээр Ардчилсан намын дарга С.Эрдэнэ намынхаа бүх шатны дотоод сонгуульд оролцож, хэнийг дэвшүүлэх, хэнийг хасах вэгэдгээ өөрийн үзэмжээр шийддэг болжээ.Ийнхүү Ардчилсан намын амин сүнс болсон дотоод ардчилал, эрүүл өрсөлдөөнийг устгаж “ротаци” нэртэй хэлбэрийн төдий мөнгөний  сонгууль явуулдаг болсон байна.
  5. Ардчилсан нам мөнгөний нам болж хувирав. С.Эрдэнэ МАН-ын “60 тэрбум”-ын схемийг Ардчилсан намд оруулан намын бүхий л удирдах албан тушаалыг мөнгөөр үнэлэн зарсан байна. Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг тодруулах сунгаанд ороход 250 сая төгрөг, Нийслэлийн намын даргад нэр дэвшихэд 90 сая төгрөг, дунд шатны намын даргад нэр дэвшихэд 20 сая төгрөг, Залуучуудын Холбооны даргад нэр дэвшихэд 125 сая төгрөг зэрэг мөнгөн босго тавьж Ардчилсан намыг мөнгөний нам болгосон ажээ.

Ардчилсан намын даргаар С.Эрдэнэ томилогдсоноос хойш ард түмний итгэл алдарч, сэтгэл гонсойсон. Энэ бол ардчиллын 27, 28 жилд байгаагүй урам хугаралт байсан юм. Тиймээс Ардчилсан намын рейтинг даргаа даган навс унаж, 60 тэрбум, Эрдэнэтийн 49  хувь, ЖДҮ гээд болохгүй, бүтэхгүй бүхнийг хаацайлж, хамгаалдаг үүр уурхай мэт хэрэгдэх болов. Түүгээр зогсохгүй Ардчилсан намын Үндсэн дүрмийн зөрчилтэй заалтыг эрх баригч МАН ашиглан шүүхэд нөлөөлж, Ардчилсан намыг сонгуульд орох эргүй болгож мэдэх эрсдэл үүсээд буй юм.

Тиймээс гишүүд нь С.Эрдэнийг Ардчилсан намын даргаас огцруулах 15 үндэслэлийг гаргаж тавьжээ. Ард Аюуш “Та есөн ембүүгээ бариад, би есөн эрүүгээ үүрээд эрлэгийн үүдэнд нэг уулзана аа” гэдэг шиг С.Эрдэнэ дарга 15 нүгэлээ үүрээд, Ардчилсан намын гишүүд 15 үндэслэлээ бариад шударга ёсны дэнсэн дээр уулзах цаг болжээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна