АН-ыг хагалсан С.Эрдэнэ шинэ нам төрүүллээ

Админ
2019/06/07

УИХ-ын гишүүн Л.Болд, Ж.Батзандан нарын санаачлан байгуулсан Шударга иргэдийн нэгдсэн эвсэл намын анхдугаар хурал Төрийн ордонд боллоо. Монголын улс төр, төрийн албанд шургалж бугшсан МАНАН мафийн эсрэг тууштай тэмцсэнийх нь төлөө АН-ын дарга С.Эрдэнэ хоёр гишүүндээ улс төрийн хариуцлага тооцож, намаасаа хөөсөн юм. С.Эрдэнийн энэ шийдвэр АН-д асар хор хөнөөлтэй гэдгийг тухайн үед гишүүд, дэмжигчид нь хэлж, сануулж байсан. Гэвч тэрээр намынхаа гишүүдийн үгийг сонсоогүй. Угаасаа С.Эрдэнэ АН-ын дарга болсноосоо хойш зөвхөн өөрт таалагдсанаа сонсож, өөрийг нь магтсаныг дэмжиж, дүрэм журмыг засч, өөрчлөн, өөрийн дураар аашилж буй. Энэ бүдүүлэг, зарчимгүй үйлдлээрээ АН-ын доторх ардчилал, олон ургальч үзэл, нээлттэй ил тод байдлыг тэрээр бүрмөсөн үгүй хийсэн нь шударга үнэнийг өмгөөлсөн Л.Болд, Ж.Батзандан нарыг хөөснөөр улам  тодорхой болсон юм.

 

Ингэснээр АН парламентад албан ёсны бүлэггүй, харин МАН сөрөг хүчингүй болсон. Энэ бол эрх баригчдын хэт даварсан үйлдэл, хүч түрсэн шийдвэр, авлигын сүлжээ, албан тушаалын наймаанд бүх талын боломжийг нь цэлийтэл нээж өгсөн гэсэн үг. С.Эрдэнэ ийнхүү МАНАН мафийнхандаа хэмжээгүй эрхтэй хаанчилж, дураараа дургих замыг засч, үнэлж баршгүй гавьяа байгуулсан. Харин АН-аа бол тэрээр давхар давхар хорлосон. Үзэл бодол таараагүй, үгэнд нь ороогүйн төлөө УИХ-ын хоёр гишүүнээ хөөж, парламентын бүлгээ задалсан нь С.Эрдэнийн эхний хорон үйлдэл байв.

 

Түүнчлэн намынхаа доторх эв нэгдлийг хангаж чадаагүйгээр барахгүй, харин ч эсрэгээр нь хагалган бутаргах шинжтэй явуулга хийж, гишүүдээ ялгаварлан гадуурхах, тал тохой татах явдлыг өөгшүүлэн цэцэглүүлсэн. Зөвхөн дээр дурдсан УИХ-ын хоёр гишүүнээр тогтохгүй шударга гишүүдээ намаас хөөх, хасах нь хэрээс хэтэрсэн. Орон нутгийн сонгуульд ялалт байгуулж намдаа улс төрийн нэмэх оноо авчирсан гишүүнээ С.Эрдэнэ өөрт нь таалагдаагүй тул хөөсөн жишээ ч бий. Түүнчлэн АН-аас хөөгдсөн гэх Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг харин шинэ  нам байгуулна гэсэнгүй, намаа цэвэрлэж, муу муухай бүхэнд нь цэг тавья хэмээн С.Эрдэнэтэй үзэлцэж байна.

 

С.Эрдэнэ АН-ыг үр хүүхэд, хамаатан садан, ойр дотныхноороо удирдуулахаар санаархаж эхэлсэн. Эгэл жирийн иргэд, анхан шатны байгууллагуудаас гарсан санал, шүүмжлэлийг сонсохоо байсан. Тиймээс АН-ын гишүүд удирдлагадаа итгэхээ больжээ. Ардчилал, шударга ёс АН-д багтах зайгүй болжээ. Энэ бүхний эцэст АН хуваагдаж, ШИНЭ нам мэндэллээ. Энэхүү ШИНЭ нам бол Л.Болд, Ж.Батзандан нарын байгуулсан нам боловч ийн байгуулагдах шалтаг, шалтгаан нь С.Эрдэнэд бий. Тиймээс АН-аа хагаралдуулсан С.Эрдэнэ шинэ нам төрүүллээ гэж ч хэлж болно.  

 

Монголын ардчиллын түүчээ болсон АН ингэж хагарч бутарч, хуваагдаж задрах нь хэнд ашигтай вэ. МАН-д, МАНАН-д л ашигтай. Авлигачдад ашигтай. С.Эрдэнэ үүнийг хүсч, ийм байдал рүү АН-ыг түлхэв.  АН-ын хагарал даргад нь ашигтай.  


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна