Цагдаагийнхан тусгай ажиллагаа явуулан “Шар” Энхээг гэрээс нь баривчилжээ

Админ
2019/06/17

Олноо “Шар Энхээ” хочоороо эчнээ танил болсон Э.Энхбат дахиад л хар тамхины хэрэгт холбогдож, цагдаагийн байгууллагыг тусгай ажиллагаа зохион байгуулахад хүрсэн байна. Тодруулбал сүүлийн үед хар тамхины хэргийг олны дунд атман гэх тодорхойлттой этгээдүүд үйлдэх нь нэмэгджээ. Нөхцөл байдал нэлээд анхаарал татах хэмжээнд хүрсэн учир саяхан Улсын мөрдөн байцаах газрын Хар тамхитай тэмцэх газраас БНХАУ-ын холбогдох байгууллагатай хамтран тусгай ажиллагаа явуулжээ.  

 

Тус ажиллагааны үеэр “Шар Энхээ” хочит Э.Энхбатыг БНХАУ-аас их хэмжээний хар тамхи Монгол улсын хилээр хууль бусаар оруулж ирсэн хэргээр Ривер гарден хотхон дахь гэрээс нь өнгөрсөн сард баривчилсан байна.

 

Гэвч тэрбээр энэ хэргийг гардан гүйцэтгэхэд оролцсон гурван этгээдийн хамт эсэргүүцэл үзүүлж, цагдаагийн ажилтнуудын амь, биед аюултай байдлаар халдаж, зугтаахыг оролдсон ч амжилт олоогүй байна.  

 

Цагдаагийн байгууллага Э.Энхбат нартай холбоотой мөс гэх нэршилтэй их хэмжээний хар тамхийг хураан авчээ. Мөн тэдэнд Монгол улсын хилээр хар тамхи нэвтрүүлсэн, хууль бусаар ашигласан, хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлж явсан цагдаагийн албан хаагчид халдсан зэрэг гурван ч гэмт хэрэгт яллагдагчаар татан, Хорих 461 –р анги буюу Ганц худагт хорьжээ.

 

Э.Энхбат өмнө нь шүүхээс гурван удаа ял шийтгүүлж байснаас хар тамхины хэргээр 2,6 жилийн хорих ял эдэлж байсан юм. Хэргийг эргэн сануулахад, Э.Энхбатыг нь БНХАУ-аас ирээд  удаагүй байхад нь Улсын мөрдөн байцаах газрын Хар тамхи, зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийнхэн цагдаагийн тусгайгийнханы баривчилж байсан юм. Улмаар түүний гэрээс хар тамхины төрлийн ургамал олдсон бөгөөд түүнийг хар тамхины төрлийн бодис хадгалсан, хэрэглэсэн хэмээн буруутгаж мөрдөн байцаах ажиллагаа явуулж, шүүхээс ял оноож байсан юм.

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна