Ерөнхийлөгчийн “сэлэм”-д өртөх шүүгчид хэн бэ

Админ
2019/07/29

Хууль шүүхийн салбар авилгадаа идэгдэж, аалзны тор мэт өөр хоорондоо барьцалдсаныг Эрдэнэтийн 49 хувийн хууль бус хувьчлал харуулдаг. Засгийн газрын сайдаас эхлээд захын хүн ярих болсон энэ сэдвийн гол зангилаа нь хууль, шүүхийн байгууллага. Төрийн гурван өндөрлөг хүртэл хууль шүүхийн байгууллага “но”-той байгаа дээр санал нэгдэж, ҮАБЗ-өөс гаргасан зөвлөмжийн дагуу салбарын дарга нарт нь харицлага тооцож, албан тушаалаас нь буулгасан. Гэвч үүгээр байдал намжчихсан. Харин  тус салбарын шинэчлэлийг Ерөнхийлөгч үргэлжүүлж, нэр бүхий 17 шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлсэн нь шүүхийн салбарынхныг нэлээд сандралд оруулсан. Зарим нэг нь хилээр гарсан, бүр өөр улсаас оргонол хүссэн гэх нь ч бий.

 

Тодруулбал эрх нь түдгэлзсэн шүүгчийн нэг болох нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Төмөрбатыг биедээ их хэмжээний доллартай АНУ-ын хил дээр саатуулагдсан талаар өнгөрсөн сард хэвлэлүүд мэдээлсэн. Ингэхдээ С.Төмөрбат нь Ерөнхийлөгчийн зарлиг гарсны дараа зургадугаар сарын 27-нд  гэр бүлийн хамт Сэлэнгийн Алтанбулагийн боомтоор ОХУ руу нэвтэрч, улмаар АНУ-ыг зорьсон. АНУ-д очоод тус улсаас улс төрийн оргонол хүссэн хэмээн мэдээлсэн. Өөрөөр хэлбэл Ерөнхийлөгчийн гаргасан шийдвэр гэмт хүмүүсийг гэлбэлзүүлээд авсан. Тэгвэл Ерөнхийлөгч дахин “сэлэмээ далайх” гэж байна.  Х.Баттулга дахин “но-той” шүүгчдийн эрхийг түдгэлзүүлэх зарлиг гаргахаар бэлтгэж байгаа талаар эх сурвалжууд мэдээлж байна. Хэн, хэн гэдэг хэдэн шүүгч уг зарлигт багтаж байгаа нь одоогоор нууц бөгөөд Ерөнхийлөгчийн Тамгын газрынхан уг асуудлыг судалж дүгнэлт, мэдээлэл гаргаж байгаа аж. Тун ойрын хугацаанд буюу Ерөнхийлөгч Х.Баттулга АНУ-аас ирсэн даруйдаа зарлигт гарын үсэг зурна гэсэн хүлээлт байна.  

 


Тус мэдээлэлтэй зэрэгцээд зарлигт зарлагдах шүүгчид хэн байх вэ гэдэг дээр олон таавар өрнөж байна. Өнгөрсөн хугацаанд АТГ-аас үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн найман шүүгчийн бүрэн эрхийг түтгэлзүүлж шалгах хүсэлтийг гаргасан. Дахин 40 гаруй шүүгчийг бүрэн эрхээс түтгэлзүүлж шалгах хүсэлтийг АТГ-аас гаргаад байгаа тухай мэдээлэл ч бий. Түүнээс гадна 17 шүүгчийн эрхийг түдгэлзүүлсэний дараа УИХ-ын нэр бүхий таван гишүүн дуулиант хэргүүдийг шүүсэн найман  шүүгчийн бүрэн эрхийг нь түдгэлзүүлж шалгах шаардлагыг ҮАБЗ-д хүргүүлсэн. Тодруулбал, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүгч Х.Идэр, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүгч М.Алдар, С.Соёмбо-Эрдэнэ, Улсын дээд шүүхийн шүүгч Д.Эрдэнэбалсүрэн, Б.Цогт, Ц.Зориг, Ч.Хосбаяр, М.Батсуурь гэсэн найман хүний бүрэн эрхийг түдгэлзүүлэхийг шаардсан. 

 

УИХ-ын гишүүн Ж.Батзандан энэ талаар хэлэхдээ, “Эдгээр шүүгчийн талаар УИХ-д гомдол их ирсэн. Бүлэглэлийн талд ажиллаж байгаа тэдгээр шүүгч байгаа цагт шударга ёс тогтохгүй гэж иргэд үзэж байна. Учир нь, тэд С.Зоригийг хөнөөсөн хэргийг гурван шатны шүүхээр хянан шийдвэрлэсэн. Эрүүдэн шүүх замаар нотлох баримт цуглуулахыг Эрүүгийн хуулиар хориглодог. Мөн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр эрүүдэн шүүсэн эсэхийг шийдвэрлэдэг. Гэвч Б.Содномдаржаа, Т.Чимгээ нар урьдчилсан хэлэлцүүлгээр “Биднийг тамлан зовоож, хэрэг хүлээлгэх ажиллагаа хийсэн” гэж мэдүүлсэн ч хэргийг гурван шатны шүүхээр хэлэлцүүлж, ял оноосон. Өөрөөр хэлбэл, Гүйцэтгэх ажлын тухай хууль, Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг үндсээр нь зөрчсөн.

 


Түүнчлэн УИХ-ын нэр бүхий таван гишүүн Улсын Ерөнхий прокурор болон Улсын дээд шүүхэд 23 хэрэг шалгуулах хүсэлт гаргасан. Энэ 23 хэрэгт Эрдэнэт үйлдвэрийн 49 хувьтай холбоотой хэргээс Шинжиан Шинфа компанийн 20 тэрбумын хэрэг хүртэлх томоохон хэргүүд бий. Гэвч эдгээр шүүгч Улсын дээд шүүхэд байгаа цагт дээрх хэргүүд шударгаар шалгагдах боломжгүй гэж үзсэн” хэмээн мэдэгдэж байсан юм.  

 


Тэгэхээр зарлигт дээр дурдагдсан шүүгчид бичигдэх магадлал өндөр байна.  Ямартай ч Ерөнхийлөгч “сэлмээ далайхаар” ирлэж сууна. Түүний энэ удаагийн зарлигт хэн гэдэг шүүгч ямар үндэслэлээр орох нь ирэх сарын дуулиан байх нь гарцаагүй биз.   

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна